sonin.mn
БАКУ. /Azertac/. Орон нутгийн 14 нисэх онгоцны буудлыг удаан хугацаагаар түрээслүүлэх тухай шийдвэрийг Грекийн Иргэний агаарын тээврийн салбарын ажилтнууд эсэргүүцэн ирэх 7 хоногт таван өдрийн ажил хаялт зарлахаар төлөвлөжээ.
 
Өнгөрсөн онд Грекийн эрх баригчид эдгээр онгоцны буудлуудыг Германы “Fraport” компанид түрээслүүлэхээр тохиролцсоноос гадна одоо дахин 23 нисэх онгоцны буудлыг түрээслүүлэх асуудлыг хэлэлцэж байгаа аж. Энэ нь шинэчлэлтэй холбоотой хувьчлалын хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын үйл ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа юм.
 
Иргэний агаарын тээврийн салбарын ажилтнуудын үйлдвэрчний эвлэл болох “OSYPA”-аас зургадугаар сарын 20-25-ны хооронд зохион байгуулах гэж буй уг ажил хаялт нь дотоодын болон олон улсын нислэгүүд саатахад хүргэх юм. 
 
2010 оноос хойш Грект тусламж үзүүлэхийн өмнө тавьж байсан гурван үндсэн болзлын нэг нь хувьчлал байсан. Гэвч энэ арга хэмжээ нь улс төрийн эсэргүүцэл, хүнд суртал болон үйлдвэрчний эвлэлүүдийн эсэргүүцлийн улмаас үр дүнд хүрэхгүй байгаа ажээ.
 
Грекийн хойд хэсэгт орших Тессалоники хот болон Пирей хот дахь Грекийн хамгийн том хоёр усан боомтыг зарахыг эсэргүүцсээр байгаа боомтын ажилчид удаа дараа 48 цагийн ажил хаялт хийсэн юм.
 
Х.Сарнай
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг