sonin.mn
Хүн ам нь эрчимтэй өсөн нэмэгдэж байгаа Дорноговь аймгийн Замын-Үүд суманд АНУ-ын Засгийн газраас санхүүжилт гаргаж 50 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг барихаар судалгаа хийж байна.
 
Энэ оны зургадугаар сарын 16-нд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас төслийн ажилтан Брайн болон албаны хүмүүс Замын-Үүд суманд ирж  тус сумын Засаг дарга М.Баянмөнхтэй уулзаж цэцэрлэг барих нөхцөл боломж, дэд бүтэц газрын байршлын талаар мэдээлэл сонсож, газар дээр нь үзэж танилцлаа.
 
Тус сумын гаравдугаар баг 3000 гаруй хүн амтай бөгөөд хүн амын ихэнх хэсэг нь гэр хороололд  оршин суудаг төдийгүй бага насны хүүхдүүдэд цэцэрлэгийн хүртээмж,  хэрэгцээ шаардлага их байдаг талаар  Засаг дарга М.Баянмөнх ярив.
 
Албаныхан энэ удаа цэцэрлэг барих газрыг нарийвчлан судалсан бол ирэх наймдугаар сард дахин ирж газрыг сонгож төслийн ажлын талаар мэдээлэл өгөх юм байна. Барилгын ажлыг ирэх 2017 онд эхлэхээр төлөвлөсөн талаар төслийн ажилтан Брайн өгүүллээ.
 
Дашрамд дурдахад энэхүү шинэ цэцэрлэг барих боломж нөхцлийн талаар  2015  оны 10 дугаар сарын 21-нд АНУ-ын Элчин сайдын яамны ажилтнууд  Сайншанд, Замын-Үүд суманд ирж байсан бол сая хоёр дахь удаагаа  ажиллаж байгаа аж.
 
Х.Эрдэнэбулган
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг