sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад ажлын айлчлал хийгээд өнөөдөр эх орондоо ирлээ.  Тэрбээр хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд 2016 оны 6 дугаар сарын 14-16-ны өдөр тус улсад ажлын айлчлал хийв.
 
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Мьянмарын Нэйпидо хотноо зохион байгуулсан  “Байгалийн баялаг ашиглалтын зүй зохистой менежмент 2” семинар болон Монгол, Мьянмарын бизнес уулзалтад тус тус оролцов. Бизнес уулзлалт нь хоёр орны хөрөнгө оруулалт, бизнесийн орчинг харилцан судлах, бизнес эрхлэгчдийг холбох, монголын компаниудад шинэ зах зээл нээх зэрэг чухал ач холбогдолтой байлаа.
 
Айлчлалаар Монгол Улсын Ерөнхийлөгч Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Тин Чяу-тай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцсон. Мөн тэрбээр Мьянмарын Төрийн зөвлөх бөгөөд Гадаад хэргийн сайд Аунг Сан Сү Чийтэй уулзсан.
 
Мөн Мьянмарын төрийн албан хаагч, багш, оюутнуудтай уулзалт хийв.
 
Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчид Эрдэс баялаг, байгаль орчин хамгаалах сайд Он Вин, Төв банкны захирагч У Кяв Кяв Маунг нар тус тус бараалхав.
 
Айлчлалаар Монгол, Мьянмарын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, улс төрийн итгэлцлэл, төрийн байгууллага хоорондын харилцаа холбоог бэхжүүлэх, худалдаа, эдийн засаг, уул уурхай болон бусад салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хоёр талын болон олон улсын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг