sonin.mn
МОСКВА. /KAINFORM/. Дэлхийд анх удаа хүний толгойг бүхлээр нь шилжүүлэн суулгах мэс заслыг ирэх онд хийнэ гэж Хятадын эмч мэдэгдлээ. Энэ оны эхээр сармагчинд толгой шилжүүлэн суулгах хагалгаа хийснээ Хятадын Харбины Анагаах ухааны их сургуулийн доктор Рен Сяопин мэдэгдэж байсан юм.
 
Гэхдээ хагалгааны дараа сармагчин хөдөлгөөнгүй болсон учир 20 орчим цагийн дараа  зовлонгоос нь гэтэлгэхийн тулд сармагчинг үхүүлэх аргагүй болжээ. Сяопин бол 1999 онд АНУ-д хүнд гар шилжүүлэн суулгах анхны мэс засал хийсэн эмч нарын нэг юм.
 
Одоо тэрбээр хүнд толгой шилжүүлэн суулгах мэс засал хийхэд бэлтгэж байна. Мэс засал хийхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүний толгойг авч, үхсэн хүний биед залгах ажээ.
 
Хөдөлж чаддаг болохын төлөө амь насаараа дэнчин тавих олон хүн Сяопинд хандах болсон гэх мэдээлэл байна. Сайн дураараа мэс засалд орох хүмүүсийн ихэнх нь саажилттай гэнэ.
 
2017 оны эцэс гэхэд хүний толгой шилжүүлэн суулгах хагалгаа хийхээр төлөвлөж байгаагаа Италийн мэдрэлийн мэс засалч, доктор Серхио Канаверо мөн мэдэгдэж байсан билээ. Харин Сяопин хэлэхдээ “би энэ айдас төрүүлэм, эрсдэлтэй хагалгааг удахгүй хийхэд бэлэн” гэжээ.
 
 Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг