sonin.mn
“Сэлэнгэ мотор” клубын тамирчид эх орныхоо 9250 км замыг мотоциклиор туулж нутагтаа ирлээ. Сэлэнгийн мото спортын түүхийг таниулах, сурталчлах зорилгоор 5-р сарын 15-ны өдөр “Сэлэнгэ мотор” клубын дасгалжуулагч, автоспортын дэд мастер П.Баярмагнай, “Сэлэнгэ мотор” клубын гишүүн, Гаалийн улсын байцаагч Д.Ганбат нар аялалдаа гарсан юм.
 
Тэд энэхүү мотоцикльтой монгол орноо тойрон аялах аялалын гараагаа Сүхбаатар сумаас эхлүүлсэн билээ.
 
Аяллын багынхан зорьсондоо хүрч, 30 хоногийн турш 9250 км замыг туулжээ. Тамирчид ийнхүү мотоциклиор Монгол орноо тойрон аялсан нь Сэлэнгийн мото спортын түүхэнд тодоор бичигдэн үлдлээ. Сэлэнгэ аймаг нь мото спортыг дэлгэрүүлэгч анхдагч аймаг гэж хэлэхэд болно. Тэр ч утгаараа мото спортоос төрсөн алдартнууд олон байдаг. Одоо ч мото спортод амжилттай яваа тамирчдын цуваа үргэлжилж байгаа билээ.
 
Аяллын багийн гишүүн Д.Ганбат:”Манай багийнхан монгол орныхоо хил дагуу, эх орноо нар зөв тойрон, 9250 км замыг 30 хоногийн дотор мотоциклиор амжилттай аялаад ирлээ. Мото спортыг сурталчлан таниулах, тэр дундаа Сэлэнгэ аймгийнхаа мото спортын түүхийг сурталчлах үйлсэд өөрсдийн хувь нэмрээ оруулсан гэж ойлгож байна.
 
Бид Сэлэнгэ нутгаасаа төрөн гарсан мото спортын анхны гавьяат дасгалжуулагчид Л.Баасанжав, Ш.Эрдэнэбилэг нарт хүндэтгэл үзүүлэх цуврал арга хэмжээний нэгийг амжилттай гүйцэтгээд ирлээ. Бид аяллынхаа урт замыг “КТМ” мотоциклоор туулсан” хэмээн сэтгэгдээ хуваалцлаа.
 
Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг