sonin.mn
Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээнээс УИХ-ын сонгуулийн үйл явц, хэвлэл мэдээллийн, автоматжуулсан систем, кампанит ажлын санхүүжилт, санах хураах, дүнг гаргах үйл явцын ажиглалт гэсэн дөрвөн чиглэлээр мониторинг хийж буй. Тиймээс тус нийгмийн хяналт сүлжээнээс сонгуулийн үйл явцад хийж буй мониторингийн үр дүнг өнөөдөр танилцууллаа.
 
Сонгуулийн үйл явц, өрсөлдөөнийг хөхиүлэн дэмжихэд сонгуулийн кампанит ажлын санхүүжилт ил тод байх нь чухал юм. Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн энэ сарын 11-14-нийг хүртэлх хугацааны төлвийг харахад сонгуулийн санхүүжилттэй холбоотой мэдээлэл маш хаалттай байгаа аж.
 
Мониторинд хамрагдаж буй нийслэлийн тойргуудад ажиллаж буй нам, нэр дэвшигчдийн штаб, ухуулах байруудын 98 хувь нь тодорхой үндэслэл дурдалгүйгээр мэдээлэл өгөхөөс татгалзсан ба Улаанбаатар хотод энэ хандлага түлхүү ажиглагджээ.
 
Түүнчлэн СЕХ-нд хандан сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийн сүүлийн нэг жилийн хугацаанд иргэн, хуулийн этгээдээс хүлээн авсан хандивыг төрийн аудитын байгууллагаар хянуулж баталгаажуулсан тайлангийн хуулбар, нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийн талаарх мэдээлэл авах хүсэлт тавихад татгалзсан хариу өгсөн байна. Хуулийн дагуу иргэд энэ мэдээллийг хүсэлт гарган авах эрхтэй гэдгийг энэ үеэр дурдлаа.
 
Цаашлаад сонгуулийн цэвэр шудрага өрсөлдөөнийг хөхүүлэн дэмжиж, авлигаас ангид тунгалаг төрийг бэхжүүлэхийн тулд сонгуульд оролцож буй нийт нам эвсэл, нэр дэвшигчид зардлын дансаараа хүлээн авч байгаа хандив, түүний зарцуулалтыг сонгогчдод ил тод мэдээлэхийг тус байгууллагаас уриаллаа.
 
Сонгуулийн үеэр хэвлэл, мэдээлийн хэрэгсэл дэх мониторингийг “Глоб интернэйшнл” ТББ хийжээ. Ингэхдээ зургадугаар сарын 6-14-ныг хүртэл МҮОНТ, “UBS” “ТВ5”, “ТВ9”, “МN25” суваг телевизүүдэд мониторинг хийсэн аж. Судалгаанаас үзэхэд, эдгээр телевиз бүгд сурталчилгааны хугацаанд тэнцвэргүй мэдээлсэн байна.
 
МҮОНТ-ийн тухайд, сонгуультай холбоотой мэдээллийн 23 хувийг МАН, 18 хувийг АН-ын мэдээлэл эзэлжээ. Харин бусад телевизийн тухайд, МАН-ын тухай мэдээлэл 43 хувиар давамгайлсан гэнэ. Арилжааны телевизүүд сонгогчдын боловсролд чиглэсэн мэдээллийг маш бага цацсан гэж дүгнэсэн байна.
 
Телевизүүдийн мэдээний хөтөлбөрт сонгуулийн сурталчилгаа давамгайлсан бөгөөд МҮОНТ-ийн мэдээллийн хөтөлбөрөөр нийт есөн цаг 42 минутын далд сурталчилгааг цацсан байна. Бусад телевизийн хувьд ТВ9 телевиз хамгийн өндөр буюу 17 цаг 14 минутын хугацаатай далд сурталчилгаа явуулсныг хяналтын багийнхан тогтоожээ.Түүнчлэн сонгуулийн дүнд нөлөөлөх ноцтой зөрчил гараагүй гэж мэдэгдэв.
 
З.Эрэвгийлхам
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг