sonin.mn
Манай улс  хүнснийхээ 70 гаруй хувийг гаднаас авдаг бөгөөд хэр чанартай бүтээгдэхүүн хилээр нэвтэрч байна вэ гэдэгт хяналт тавих “Хяналтын хуудас”-ыг нэвтрүүлсэн нь бизнесийн үйл ажиллагааг хөнгөвчилжээ.
 
Өөрөөр хэлбэл 5744 хүнсний бүтээгдэхүүнд  хяналт тавьдаг байсан бол эдүгээ 2194 болж буурчээ. Ингэснээр бизнес эрхлэгчдийн цаг завыг хэмнэж буй дэвшилт гэдгийг “Төрөөс экспорт, импортын хүнсний бүтээгдэхүүний талаар  баримталж буй бодлого” хэлэлцүүлгийн үеэр албаныхан тодотголоо.
 
Тус хэлэлцүүлгээр хүнсний бүтээгдэхүүний импорт, экспортын явцад гарч буй хүндрэлүүд болон Япон улстай байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд хэрхэн ажиллах талаар бизнес эрхлэгчид болон МХЕГ, МҮХАҮТ-ын мэргэжилтнүүд санал солилцсон юм.  
 
Импортоор хүнс оруулж ирдэг компаниудын зүгээс МХЕГ-ын хяналт шалгалтын хугацаа урт буюу 14 хоногийг зарцуулдаг хүнд суртал байсаар байна хэмээн шүүмжилж байсан юм. Мөн “Төрөөс экспорт, импортын хүнсний бүтээгдэхүүний талаар  баримталж буй бодлого” хөрсөнд бууж чадахгүй байна хэмээн бизнес эрхлэгчид онцлов.
 
 Манай улс 2012 онд Хүнсний тухай хууль болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг баталсан бөгөөд хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд 2013-2014 онд 29 журам, заавар боловсруулж, 19 журмыг батлуулан хэрэгжүүлжээ.
 
Тус бичиг баримтад  үйлдвэрлэгч, экспортлогч,  импортлогч  нь зах зээлд  нийлүүлж буй бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдлыг хангах, гарал үүсэл тогтоох зэрэг зохицуулалтыг олон улсын жишгийн дагуу тусгасан аж.
 
Японы зах зээлд хүнсний бүтээгдэхүүн гаргахын тулд  хаяг, шошго болон хүнсний сав баглаа боодлоос эхлээд тус улсын чанар хангахад  бизнес эрхлэгчид анхаарч ажиллах  ёстой гэдэгт хэлэлцүүлэгт оролцогсод санал нэгдэв.  
 
 Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг