sonin.mn
Энэ удаагийн“Leaderships forum” булангийн зочноор Хөрөнгийн зах зээлийн шинжээч, “Novel Fund” компанийн захирал Д.Ангарыг урилаа.
 
ӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛ
 
Монгол Улсын хөгжлийн гарц нь хөрөнгийн зах зээлийн хөгжлөөс хамаарна. Учир нь улс орноо хөгжүүлэх замыг сонгох сонголтод санхүүгийн систем зайлшгүй багтана. Энэ нь хөрөнгийн зах зээл болон арилжааны банк гэсэн хоёр баганатай. Миний хувьд энэ замаар явж, үүнийг л хийх ёстой гэдэг зөвлөгөөг өгөхгүй. Харин аль ч замаар явсан хөрөнгийн зах зээл салшгүй холбоотой байх болно гэдгийг хэлмээр байна.
 
Зах зээлийн нийгэмд шилжээд 26 жил боллоо. Энэ хугацаанд бид хөрөнгийн зах зээлийг хаалганы гадна талд орхисон гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа шүү дээ. Учир нь ямар ч тохиолдолд хувьцаа болон үнэт цаасны арилжааг боомилсоор ирснийг хатуухан хэлмээр байна.
 
Тухайлбал, иргэдэд эзэмшүүлсэн гэх Тавантолгойн 1072 хувьцааны 30 хувийг Засгийн газар 300 мянган төгрөгөөр худалдаж авах шийдвэр гаргахдаа арилжааны банкаар дамжуулахаар болсон. Энэ нь маш буруу зүйл. Учир нь аль ч улс орны түүхэнд хувьцааг банкаар дамжуулж байгаагүй.
 
Тиймээс л энэ зах зээлийг хөгжүүлэх сонирхол эрх баригч болон төрийн удирдах албан тушаалтнуудад байхгүйг илтгэж байна. Төрөөс гарч байгаа бодлого, шийдвэр нь хөрөнгийн зах зээлийг нухчин дарсан, зах зээлийг гажуудуулсан, боомилсоор байгаа нь зах зээлийн жамаар хөгжих боломжийг хааж байна.
 
Хүн бүр хэлдэг шүү дээ, санхүүгийн зах зээлийн 95 хувийг арилжааны банк дангаараа эзэлж байна. Энэ нь эдийн засгийн хямралыг өдөөх, бусад салбараа татаж унагах эрсдэлтэйг судлаач, эдийн засагчид сануулсаар байгаа.
 
Хамгийн гол нь санхүүгийн зах зээлийг зөв голдирлоор нь хөгжүүлээгүйн хор хохирлыг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд амсдаг юм. Өөрөөр хэлбэл, компаниуд өндөр хүүтэй, богино хугацаатай зээлийн дарамтаас дампуурч байна. Ямар нэг төсөл санаачлан, үйл ажиллагаа эрхлэх болвол заавал банкнаас зээл авч хөрөнгийн эх үүсвэрээ бүрдүүлдэг.
 
Ингээд л зээлийнхээ эргэн төлөлтийг хийхийн тулд олсон ашгаа өгч эхэлнэ.Энэ нь цаашид идэвхтэй ажиллаж, хөл дээрээ босох боломжийг нь боомилж байгааг бизнесийнхэн сүүлийн дөрвөн жил хэлсээр байгаа ч тоомжиргүй хандсаар ирлээ.
 
Угтаа санхүүгийн зах зээлийн хоёр багана зэрэг хөгжвөл бизнес эрхлэгчдэд таатай боломж бүрдэнэ. Үүний тулд хөрөнгийн зах зээлийг хааж, боомилохгүйгээр хөгжүүлэх төрийн бодлого, шийдвэр хэрэгтэй. Харин үүнийг хэн ч хийхгүй байгаа нь харамсалтай.
 
МӨНГӨ ХҮҮЛЭЛТИЙН СИСТЕМИЙГ ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ
 
Манжийн дарлалын үед мөнгө хүүлсээр иргэдээ туйлын ядуу амьдруулсан хэмээн бид халагладаг. Гэтэл орчин цагийн мөнгө хүүлэлт үүнээс ч дор болсныг одоогийн нөхцөл байдлаас харж болно. Ер нь банкны болон бусад төстэй үйл ажиллагаатай байгууллагын зээлийн хүү хэт өндөр байгаа нь хүмүүсийг үйлдвэрлэл эрхлэх, ажил үйлчилгээ явуулахад бэрхшээл болж байгаа юм.
 
Өөрөөр хэлбэл, ашиг орлого олж, ажлын байрыг нэмэгдүүлэн, үйлдвэрлэл эрхлэснийхээ төлөөсөнд өрөнд орж, дампуурах явдал сүүлийн дөрвөн жил гаарсан. Ийм системийг бид зоригтойгоор өөрчлөх цаг болсон. Учир нь аж ахуйн нэгжүүд сүүлийн 5-10 жилийнхээ санхүүгийн тайлангаас харвал бизнес эрхэлсэн зорилго нь үгүй болсон байгаа юм.
 
Үнэн хэрэгтээ тэд арилжааны банкыг хөхиүлэн дэмжихийн төлөө өдөр, шөнөгүй зүтгэсэн болж байгаа юм. Гэтэл баялаг бүтээдэг хүмүүсийнхээ цалин хөлсийг нэмэгдүүлж чаддаггүй, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх боломжгүй болсон нь гашуун үнэн. Тиймээс л мөнгө хүүлэлтийн системийг зогсоох хэрэгтэй гээд байгаа юм.
 
ХӨРӨНГИЙН ЗАХ ХӨГЖИХГҮЙГЭЭР САНХҮҮГИЙН СИСТЕМИЙН ЭРСДЛИЙГ ХААЖ ЧАДАХГҮЙ
 
Мэдээж хөрөнгийн зах зээлийн ач холбогдлыг нэг үеэ бодвол хүмүүс ойлгодог болсон. Эдийн засаг хүнд байгаа энэ үед санхүүтэй холбогдох бүх ачааг зөвхөн арилжааны банкинд үүрүүлсэн байна. Учир нь найдваргүй зээлийн хэмжээ нийт зээлийн таван хувь давчихаад байгаа. Мөн хугацаа хэтэрсэн зээл өдөр тутам нэмэгдэж байгааг банкны салбарын мэдээллээс харж болно.
 
Тэгэхээр дан ганц банкны системд тулгуурласан санхүүгийн зах зээл нурж унахад бэлэн болчихлоо гэхэд хилсдэхгүй. Үүнээс гарахын тулд хөрөнгийн зах зээлээ банкныхтайгаа ижил төвшинд, хамтад нь хөгжүүлэх ёстой. Тэгвэл эдийн засгийн хүндрэлээс хамгаалах бүрэн боломж бий.
 
Яагаад гэвэл, санхүүгийн зах зээл маань банкны салбар болон хөрөнгийн зах зээл дээр тогтдог. Манай улсын хувьд хөрөнгийн зах зээл хөгжөөгүй. Тэр дундаа үнэт цаасны зах зээл хөгжөөгүй учраас улсын хэмжээнд санхүүгийн системийнхээ эрсдлийг хааж чадахгүй байгаа юм.
 
ХЭЛСНЭЭ ХЭРЭГЖҮҮЛ, ХООСОН АМЛАХ ХЭРЭГГҮЙ
 
Сүүлийн хоёр жилийн дүр зургаас харвал хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хэрэгтэй хэмээн хүн бүр ярих болжээ. Эдийн засгийн чуулга уулзалт, форумд оролцож байгаа төрийн өндөрлөгүүд энэ тухай олон сайхан зүйлийг ярьж байгаа нь нэг шат ахиж байгаа гэсэн найдварыг төрүүлж байсан.
 
Гэвч хэлснээ хэрэгжүүлдэггүй, хоосон амладаг нь хөрөнгийн зах зээл хэрхэн хөгжиж байгаагаас харагдана. Хэлснээ хэрэгжүүлэхийн тулд амлалт өгдөг дарга нар ярьснаа хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуул. Өөрөөр хэлбэл, хэлснээ бодит байдал дээр биелүүлэх хэрэгтэй. Харамсалтай нь хөгжүүл гэж хэлчихээд эргэж хараад хөрөнгийн зах зээлийг үгүйсгэсэн, хааж боомилсон шийдвэрүүд гаргасаар байна.
 
Жишээлбэл, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард УИХ ганцхан өдөр хуралдан, ямар ч асуулт, санал шүүмж байхгүйгээр банкны татварыг хоёр жилээр хойшлуулах хууль баталсан. Гэтэл хөрөнгийн захынхан олсон ашиг орлогоосоо татвар төлсөөр байгаа шүү дээ.
 
Санхүүгийн салбарын хоёр баганыг тэнцвэртэй хөгжүүлнэ гэсэн уриагаа ганцхан өдөрт банкинд давуу эрх олгосон хууль баталснаараа үгүйсгэж байгаа юм. Түүнээс гадна 1072 хувьцааны 30 хувийг банкаар дамжуулан арилжих шийдвэрийг гаргачихлаа. Үнэн хэрэгтээ энэ нь маш буруу шийдвэр. Хэрэв хувьцаа нь банкны салбарт хамаатай бүтээгдэхүүн байсан бол өөр хэрэг.
 
Харамсалтай нь хувьцааг зөвхөн хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалдаг жишиг дэлхий нийтээр тогтсон. Зөвхөн манай улс л арилжааны банкаар дамжуулах хачирхалтай шийдвэр гаргаж байна. Энэ бүхнээс харвал давуу эрхтэйгээр 26 жил хөгжиж ирсэн банк улам бэхжиж байна. Харин хөрөнгийн зах зээлийг хөгжүүлнэ гэсэн хоосон тунхагтайгаар энэ зах сүйр гэсэнтэй утга дүйх шийдвэрийг гаргасаар байгаа нь хөгжлийг сааруулж байгаа юм.
 
ХӨРӨНГИЙН ЗАХЫН ХӨГЖИЛД ТӨСВӨӨС ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХЭРЭГГҮЙ
 
Уг нь санхүүгийн системээ савалгаагүй, тэнцвэртэй байлгая гэвэл хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх хэрэгтэй. Үүний тулд төсвөөс нэг ч төгрөг хэрэггүй. Энэ зах идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөлд өөрөө мөнгөө босгож, өсгөж үржүүлэх боломжтой юм. Тэгэхээр дарга нарын уран цэцэн үг, элдэв худлаа амлалтгүйгээр шударга зохицуулалтыг бий болгоод өгөх хэрэгтэй.
 
Мөн эхлэлийн гарааны цэгийг нэг болгоод арилжааны банк, хөрөнгийн зах зээл хоёрын татварын хэмжээг ижил төвшинд хүргэчих. Үүнээс гадна хөрөнгө зах зээлийн бүтээгдэхүүний зориулалтаар нь борлуулах боломжийг олго. Эдгээрийг хийж чадвал хөрөнгийн зах зээл хөгжих болно. Хамгийн гол нь сүүлийн 26 жилийн турш энэ салбарыг хааж боомилсны үр дүнд санхүүгийн систем банк гэдэг ганц баганатай болсон.
 
Үүнээсээ болоод эрсдлээ даах чадвар унах аюулд орчихоод байна шүү дээ. Ер нь төрийн санхүүгийн зохицуулалтын системийн суурь буруу хийгдсэнээс өнөөгийн үр дагавар гарч байгаа юм. Бусад улс орны туршлагаас харвал эхлээд хөрөнгийн зах зээлийг өөрөөр нь зохицуулалтгүйгээр хөгжүүлсэн байдаг.
 
Явцын дунд, хөгжлийн хурд, үе шаттай нь зохицсон механизм ажилладаг юм билээ. Гэтэл манайх 1990 онд Хөрөнгийн биржийг байгуулсны дараа буюу 1995 онд зохицуулах байгууллагыг бий болгосон. Энэ нь хөгжөөгүй зах зээлийг зохицуулахаас илүүтэй хөгжлийг сааруулах, зогсоох зам руу хөтөлсөн гэвэл буруудахгүй. Учир нь хөрөнгийн зах зээл хөгжсөн, хөгжөөгүй гэдгийг цаг хугацаа гэрчилж байгаа шүү дээ.
 
100 ямаанд 60 ухна гэдэг шиг хөгжөөгүй зах зээлийг зохицуулах 60 журам бий. Тэдгээрт бүхий л үйл ажиллагааг болохгүй гэдэг үгээр зохицуулсан байдаг юм. Ийм нөхцөлд хөгжинө гэдэг “Их санасан газар есөн шөнө хоосон” гэдэг болно. Хөрөнгийн зах зээл нь төр засаг, дарга нараас огт шалтгаалахгүйгээр хоёр хүн хоорондын харилцаагаар зохицуулагддаг, илтгэл дээр суурилсан үйлчилгээ байдаг. Гэвч энэ бүхэн хаалттай байна.
 
ХӨРӨНГИЙН ЗАХЫГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ
 
Хэрэв хөрөнгийн зах зээлийг хөгжүүлье гэвэл дараагийн 10 жилд зохицуулалтгүйгээр үйл ажиллагаа явуулах боломж олгох хэрэгтэй. Хяналтын тогтолцооноос бүртгэлийнх рүү шилжүүлэн зах зээл өөрийгөө хөгжүүлэх шинэ санаачлагыг дэмжих ёстой. Төрийн оролцоогүйгээр хийх хэрэгтэй.
 
Төрийн тэргүүн нь “Хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх хэрэгтэй. Санхүүгийн системийг либеральчлах нь зүйтэй” гээд уулзалтад оролцохдоо хэлж байсныг нь санаж байна. Гэхдээ чухам хэзээ хэрэгжих вэ гэдэг асуудал болоод байгаа юм. Түүнээс гадна төрийн зохицуулах байгууллагын удирдах төвшний хүмүүс нь мэргэжлийн бус хүн байдаг.
 
Улстөрийн томилгоогоор ирсэн дарга ажилтайгаа танилцаж, ойлгох гэсээр байтал дараагийн томилгооны хугацаа болдог нь харамсалтай. Ийм нөхцөлд энэ зах зээл зөв голдиролоор хөгжинө гэх итгэл алга. Тэгэхээр ядаж л удирдах төвшний хүнийг томилохдоо мэргэжлийн хүн сонгодог жишиг тогтмоор байна.
 
САНХҮҮГИЙН СИСТЕМИЙН ЗОХИСТОЙ ХӨГЖИЛ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫГ САЙЖРУУЛНА
 
Санхүүгийн зах зээлийн зохистой хөгжил аж ахуйн нэгжийн өрсөлдөх чадвар сайжирна. Одоогоор энэ систем энэ хэвээр байвал гурван жилийн дотор хямрал болно. Учир нь аж ахуйн нэгжүүд богино хугацаа, өндөр хүүтэй зээлийн өрийн дарамтад байна. Бизнесийн дундаж зээл жилийн 20-30 хувийн хүүтэй дунджаар хоёр жилийн хугацаатай зээлээр компани үйл ажиллагаа явуулж, ажлын байр нэмэгдүүлэн, татвар төлөх боломжгүй.
 
Аалзны тор шиг хэрсэн мөнгө хүүлэлтийн хэлхээнд орооцолдсон хувийн хэвшлийнхэн бие, биенээ татаж унагана. Хэрэв хөрөнгийн зах зээл нь хөгжсөн бол аж ахуйн нэгжийн төлөх хүүгийн хэмжээ буурна. Зээлийн хугацаа урт болно. Мөн хувьцаа гаргасан бол хүүгийн болон үндсэн төлбөрийн дарамтгүй болох юм. Хэрэв санхүүгийн системээ татаж унагалгүй авч үлдье гэвэл хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх хэрэгтэй.
 
 
Блиц:
 
e-mail:   angar@novel.mn
 
Facebook:  Angar Davaasuren
 
Хэлэх дуртай үг:  Алдахаас бүү ай, харин хүсэл мөрөөдлийнхөө төлөө юу ч хийхгүй байхаас ай
 
Боловсрол:  АНУ-ын Төв Арканзасын их сургуульд бакалавр, Их Британийн Ливерпүүлийн их сургуульд олон улсын санхүүгийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан
 
Гадаад хэл:  Англи
 
Эх сурвалж: