sonin.mn
ТЕГЕРАН. /KAZINFORM/. АНУ-ын сансрын техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “Боинг” компаниас зорчигч тээврийн 100 нисэх онгоц худалдаж авах гэрээ байгуулсан гэдгээ Ираны албаны хүмүүс мэдэгдлээ. АНУ-ын Засгийн газар үүнтэй холбоотойгоор ямар мэдэгдэл хийх нь ажиглагчдын анхаарлыг татаж байна.
 
100 нисэх онгоц худалдан авахаар манай улсын холбогдох албаны хүмүүс  “Боинг”-той тохиролцоонд хүрсэн гэж Ираны Иргэний агаарын тээврийн асуудал хариуцсан албаны хүн хэлжээ.
 
Цөмийн хөтөлбөртэй холбоотойгоор Барууны улсууд Ираны эсрэг хориг арга хэмжээ авсны улмаас тус улс шинээр нисэх онгоц худалдан авах боломжгүй болсон тул хуучирч муудсан нисэх онгоцуудаа өнөөг хүртэл ашигласаар байгаа юм.  Ираны 250 нисэх онгоцны 40 орчим хувь нь нислэг үйлдэх шаардлагыг хангахгүй байгаа аж.
 
Европт төвтэй “Airbus” компаниас 118 нисэх онгоц худалдан авах гэрээнд Иранд мөн гарын үсэг зурсан юм. Гэсэн хэдий ч АНУ-ын Засгийн газрын зөвшөөрлийг хүлээн энэ гэрээг хараахан эцэслэн батлаагүй байна. Учир нь, “Airbus”-ын нисэх онгоцны зарим эд ангийг АНУ-д үйлдвэрлэдэг ажээ.
 
Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар өнгөрсөн онд эцэслэн тохиролцоонд хүрснээр АНУ хориг арга хэмжээг цуцалсан билээ. 1979 оны Ираны хувьсгалын дараа хоёр улс дипломат харилцаагаа тасалсан бөгөөд тэр цагаас хойш санал зөрөлдөөнтэй байсаар байгаа юм.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг