sonin.mn
АСЕМ-ын дээд түвшний уулзалтын дагалдах хурлуудын нэг Ази-Европын Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо нээлтээ хийв.
 
ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Ази-Европын Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт нь АСЕМ-ын дээд түвшний уулзалтын өмнө болж буй голлох уулзалтын нэг хэмээн онцлов.
 
Тэрбээр, "АСЕМ нь Ази Европ хоёр тив хоорондын яриа хэлэлцээний хамгийн чухал механизм бөгөөд хүнсний аюулгүй байдлын асуудал дээр талууд бие биенээсээ суралцах, зөвлөлдөх, тулгамдаж буй бэрхшээлтэй асуудлаа ярилцах, санал санаачилга гаргах зүйл их бий хэмээн бодож байна.
 
Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтаас гарах санал санаачилгыг нэгтгэн ирэх сард болох АСЕМ-ын дээд түвшний уулзалтад хүргүүлэх нь чухал" гэлээ.
 
Уулзалтад АСЕМ-ын гишүүн 17 орны хүнс хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, Монгол дахь Элчин сайдын яамд, консулын газрууд, Европын холбоо болон бусад хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг 11 олон улсын байгууллагын төлөөлөгч оролцож байна.
 
Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт нь хоёр өдөр үргэлжилнэ.
 
Б.Туул
 
Гэрэл зургийг Б.Чадраабал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг