sonin.mn
БАГДАД. /АР/. Иракийн засгийн газрын цэргүүд хойд нутгийн гол хот болох Мосулын ойролцоох стратегийн ач холбогдол бүхий Каяяара хотыг чөлөөлөхөөр ажиллагаа явуулж эхэлжээ. Уг цэргийн ажиллагааг “Лалын улс” бүлэглэлийн босогчдоос Мосулыг чөлөөлөх ажиллагааны нэг хэсэг гэж ажиглагчид үзэж байна.
 
Иракийн хүчнийхэн Фаллужа хотыг чөлөөлснөө өнгөрсөн баасан гарагт зарласны дараа уг ажиллагааг явуулж эхэлсэн аж. Төвийн нутгийн Фаллужа хот нь хоёр жил гаруйн хугацаанд босогчдын хяналтад байжээ.
 
Иракийн Батлан хамгаалахын сайд Халид Аль-Обейди өчигдөр твиттер хуудсандаа “Мосулаас өмнө зүгт 60 орчим км зайтай орших Каяяара хотыг чөлөөлөх ажиллагаа эхэллээ” гэж бичжээ. “Лалын улс”-ынхан нефтийн нөөц ихтэй уг хотыг хоёр жилийн өмнө булаан эзэлсэн байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг