sonin.mn
АНКАРА. /ВВС/. Туркийн хилийг давахыг оролдсон Сирийн найман иргэн, тэдний дотор дөрвөн хүүхдийг Туркийн хилийн харуулууд буудан хөнөөсөн гэж хүний эрхийн байгууллагын ажилтнууд мэдэгдлээ. Их Британид төвтэй “Сири дэх хүний эрхийг ажиглагч” ТББ-ын мэдэгдэлд “найман хүн шархадсан” гэдгийг дурджээ.
 
Энэ хэрэг хэт давруу үзэлтнүүдийн хяналтад байгаа Сирийн хойд нутгийн Жиср Аль-Шугоух хоттой залгаа Туркийн хил орчимд болсон байна. Харин Туркийн армийнхан “хилийн харуулууд ердөө анхааруулга өгөн буудаж, сиричүүдийг тараасан” гэлээ.
 
Туркийн тал мэдэгдэхдээ “энэ бол худал гүтгэлэг бөгөөд Европ руу явахыг оролдож байгаа сиричүүдийг зогсоохын тулд Европын Холбооноос үзүүлж байгаа ээлжит шахалтын нэг хэсэг” гэсэн юм. Сирийн дайнаас дүрвэсэн 2.7 сая хүн Туркэд орогнож байгаа ажээ.
 
Сиричүүдийг дахиж нэвтрүүлэхгүйн тулд Турк хэдэн сарын өмнө хилээ хаасан юм. 2016 он гарснаас хойш Сири-Туркийн хилийг давахыг оролдсон 60 орчим энгийн иргэн буудуулжээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг