sonin.mn
ХБНГУ-ын "Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг"-ээс энэ оны 3, 4 дүгээр сард шүүхийг цогцоор нь судалж “Монгол Улсын шүүхийн цогц зураглал”-ыг гаргаж буйг бид өмнө мэдээлж байсан. Энэ судлагааны дүгнэлтийг өнөөдөр ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж, Германы Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга,  хууль зүйн ухааны доктор Кристиан Гласс нар хэвлэлийнхэнд мэдээллээ.
 
Монгол Улсын шүүх байгууллага сүүлийн 25 жилийн хугацаанд анх удаа Олон улсын хөндлөнгийн шинжээчээр судалгаа хийлгэсэн гэдгийг Н.Лүндэндорж онцолсон бол Германы ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Кристиан Гласс "Монгол Улсад шүүгчийн хараат бус ажиллах нөхцөл бүрдсэнийг шүүгчдэд хэрэг хуваарилахдаа хөндлөнгийн оролцоогүйгээр, программаар цаг хугацааны дараалал, тохиолдлын хэлбэрээр сонгодог нь шүүгч хараат бус ажиллаж буйн том нотолгоо. Шүүгчийн цалин бусад мэргэжилтэй харьцуулахад өндөр түвшинд байгаа учраас авлигаас ангид, бие даан, хараат бус ажиллах нөхцлийг бүрэн хангасан, Шүүхийн ил тод, нээлттэй байдал хангагдсан гэж" үзэж байгаагаа мэдэгдэв.
 
Энэчлэн Монгол Улстай ижил төстэй бусад оронтой харьцуулахад шүүх шинэтгэлийн ажил нэг алхмаар түрүүлж байна гэж олон улсын хөндлөнгийн шинжээчээр ажилласан ХБНГУ-ын хуулийн мэргэшсэн эрдэмтэн, доктор Л.Ян, ХБНГУ-ын Шүүхийн шүүгч, доктор Г.Кирххофф нар  дүгнэжээ.
 
Тэд энэ судлагааг гардан хийсэн юм.  Шүүхэд гарч буй дутагдалтай, засч залруулах хэд хэдэн зөвлөмжийг ч гаргасан байна. Нэгдүгээрт, Шүүхийн тухай багц хуульд хэд хэдэн удаа өөрчлөлт оруулсныг анхаарч, тогтворжуулах,  хоёрдугаарт, шүүхээр шийдсэн хэргийнхээ төлөө, түүнээс үүдсэн хариуцлагаас шүүгчийг чөлөөлөөгүй байгаа, гуравдугаарт, Шүүхийн тухай багц хуулиас шүүгчийн цалинг бууруулахгүй байх заалтыг хассан нь шүүх шинэтгэлээс ухарсан явдал гэдгийг онцолсон байна. ШЕЗ-ийн томилгоог улс төрийн шинжтэй байгаа тул цэвэр, тунгалаг үйл ажиллагаа явуулах хэрэгтэй гэжээ.
 
Мөн шүүгчийн сургалт хангалтгүй, 14 хоногоор бус цалинтайгаар 6 сарын сургалт хийх чухал гэдгийг ч  анхааруулсан байна. ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж “Шүүхийн шинжилгээг гадны улс орнууд хийлгээд байх сонирхолгүй байдаг. Харин бид шинэтгэлийнхээ зөв бурууг эртхэн тогтоож үзье гээд зоригтойгоор шийдвэр гаргаж энэ судлагааг хийлгэсэн.
 
Зарим улстөрчөөс эхлээд шүүхийн шинэтгэлийг зөв, буруу гэж маргах явдал ч байна. Олон улсын байгууллагаар хөндлөнгийн шинжилгээ хийлгэснээр энэ бүгдэд хариулт өгч, бодит байдлыг гаргаж ирэх өндөр ач холбогдолтой болсон” гэв. Ямартай ч Монгол Улс шүүхийн шинэтгэлээ зөв хийж эхэлснийг үүгээр нотоллоо гэдгийг ч дээрх нөхөд мэдэгдсэн юм.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг