sonin.mn
СӨҮЛ. /Yonhap/.  Хөлөг онгоц үйлдвэрлэгч “Samsung Heavy Industries” корпораци бүтцийн өөрчлөлт хийх төлөвлөгөөгөө  дэлгэрэнгүй танилцууллаа.
 
Төлөвлөгөөнд зааснаар, ажиллах хүчний тоог цөөрүүлэн, удирдлагуудын авсан цалингийн тодорхой хэсгийг буцаан төлүүлэх ажээ. Усан онгоц үйлдвэрлэгч тус үйлдвэр хөрөнгийнхөө зарим хэсгийг борлуулах болон ажилчдаа цомхотгох замаар 1.5 их наяд воны (US$1.27 billion) хэмнэлт гаргахаар тооцсон байна. Төлөвлөгөөний дагуу “Samsung heavy industries” энэ онд эрт тэтгэвэрт гаргах тогтолцоог нэвтрүүлснээр ажилчдынхаа тоог 1500-гаар цөөрүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.
 
Мөн түүнчлэн ирэх долдугаар сараас эхлэн гүйцэтгэх захирлууд нь авсан цалингийнхаа 30 хувийг компанидаа буцаах төлөх ёстой болж байна. Түүнээс гадна, усан онгоцны засварын газар зэрэг үйлдвэрлэлийн байгууламжуудынхаа заримыг түр зогсоон, хүнд үеийг аажим аажмаар, үе шаттайгаар даван туулснаар шинээр захиалга авах үетэй золгохыг хичээж байна.
 
“Samsung”-ийн олон салбаруудын нэг болох “Samsung heavy insudtries” хувьцаагаа борлуулах сонирхолтой байгаа бол өөр нэгэн салбар болох “Samsung Electronics” нь усан онгоц үйлдвэрлэгч компанийг аврахад оролцох бололтой. “Samsung Electronics” нь уг усан онгоцны үйлдвэрийн хамгийн том хувьцаа эзэмшигч бөгөөд нийт хувьцааны 17.62 хувийг эзэмшдэг бол бусад хувьцааг нь “Samsung”-ийн салбарууд болох “Samsung Life Insurance” болон “Samsung SDI” зэрэг компаниуд эзэмшдэг ажээ.
 
Х.Сарнай
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг