sonin.mn
ВАШИНГТОН. /ВВС/. Өнгөрсөн долоо хоногт Флорида муж улсын Орландо хотын шөнийн цэнгээний газарт буугаар зэвсэглэсэн этгээд олон хүнийг хөнөөсөн хэрэг гарч олон нийтийг түгшүүрт оруулсан хэдий ч Сенатын гишүүд буу худалдахыг хязгаарлах тухай дөрвөн хуулийн төслийг бүгдийг нь батлахаас татгалзлаа.
 
Сенатын танхимд Бүгд найрамдах намынхан болон Ардчилсан намынхан тус бүр хоёр хуулийн төсөл өргөн барьсан юм. Гэвч эдгээр төслүүд нь аливаа хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжихэд шаардлагатай 60-аас дээш хувийн саналыг авч чадаагүй байна.
 
Буу эзэмшихэд тавих хяналтын тухай эдгээр хуулийн төсөл нь хоорондоо ялгаатай байсан юм. Тухайлбал, террористууд байж магадгүй хэмээн сэжиглэгдэж буй хүмүүст буу худалдахыг хориглохыг тэдгээрийн нэгэнд нь тусгасан бол нөгөөд нь худалдан авагчдын ерөнхий мэдээллийг шалгаж байх тухай тусгасан байв.
 
Буу эзэмшихэд тавих хяналтыг чангатгахыг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама уриалж байгаа юм. "Буу эзэмшигчдийн Үндэсний холбоо” гэдэг нөлөө бүхий лобби бүлгээр дэмжүүлсэн Бүгд найрамдах намынхан буу эзэмших явдлыг дэмжиж, буу худалдахыг хязгаарлахыг эсэргүүцэж байгаа билээ.
 
Энэ асуудал нь ирэх 11 дүгээр сард болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө анхаарал татсан гол сэдвүүдийн нэг болоод байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг