sonin.mn
НҮБ-ын Хүүхдийн сан болон Мобиком корпораци өнөөдөр нийгмийн хариуцлагыг түгээн дэлгэрүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичигт  өнөөдөр гарын үсэг зурлаа.
 
Мобиком корпорацийн Гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй тус арга хэмжээний эхэнд НҮБ-ын Хүүхдийн сантай санамж бичиг байгуулан хамтарч ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлээд хүүхдийн эрхийг хамгаалах, үндсэн хэрэгцээг хангах нь тус компанийн нийгмийн хариуцлагын тэргүүлэх зорилго байх болно хэмээв.
 
НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Роберто Бенес, “Монголын хүүхдүүдэд тулгамдаж буй чухал асуудлаар Мобиком корпорацтай хүчээ нэгтгэж байгаадаа баяртай байна. Бид хамтдаа аливаа бэрхшээлийг даван туулж, манай хоёр байгууллагад хамааралтай салбаруудад хүүхдэд илүү их боломж бололцоог олгож чадна гэдэгт итгэж байна. Ингэхдээ бид инновациар дамжуулан үр дүнд хүрэхийг чухалчлах болно” гэлээ.
 
Санамж бичгийн хүрээнд хоёр тал нийгмийн суурь үйлчилгээг монголын хүүхдүүдэд үзүүлэхэд компанийн удирдлага, нөөц бололцоо, мэдлэг чадварыг дайчлахын зэрэгцээ улсаас явуулж буй бодлого, хууль эрх зүйн орчинг хүүхдийн эрхийг хамгаалах, амьдралд хэрэгжүүлэхэд тус дөхөмтэй болгохын төлөө дуу хоолойгоо нэгтгэн хамтран ажиллах гэнэ.
 
Түүнчлэн талууд хамтран цахим орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр эхлүүлсэн санаачилгаа цаашид үргэлжлүүлж, цахим орчин дахь боломж, түүнийг дагасан эрсдлийн талаар олон нийтэд мэдээлэх, үнэлгээ хийх зэрэг ажлыг хийх аж.
 
Н.Отгончимэг
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг