sonin.mn
АНУ-ын ОУ-ын хөгжлийн агентлаг (USAID), “Хөгжлийн шийдэл” ТББ хамтран хэрэгжүүлэх Жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан REACH төслийн нээлт өнөөдөр боллоо. 
 
Төслийн нээлтэд АНУ, Япон, Солонгос, Европын холбооны Монгол дахь ЭСЯ-ны ажилтнууд, олон улсын байгууллагуудын суурин төлөөлөгчид болон АҮЯ, Зээлийн батлан даалтын сангийн мэргэжилтнүүд оролцов.
 
Төслийг нээн АНУ-ын элчин сайд  Женифер Зимдал Галт үг хэлсэн бөгөөд "Жижиг дунд бизнес эрхлэгчид Монголын ДНБ-ий 20 хувийг бүрдүүлдэг. Гэвч тэдэнд хангалттай санхүүгийн эх үүсвэр байдаггүй. Тэдний 75 хувь нь зээл авах хүсэлтэй байдаг тул энэ эрэлт хэрэгцээг хангахад REACH төслийн баг дэмжлэг үзүүлнэ" гэв.
 
Төслийн баг зээл авах хүсэлтэй жижиг дунд бизнес эрхлэгчдэд зөвлөх болон зуучийн үйлчилгээ үзүүлэх юм. Зөвлөх үйлчилгээ нь жижиг дунд бизнес эрхлэгчдэд санхүүгийн боловсрол олгох зорилготой.
 
Бизнес төлөвлөгөө хэрхэн бичих, бүртгэл тооцооллоо зөв хөтлөх, зээлийн боловсрол гэсэн гурван үндсэн сэдвээр тогтмол сургалт, мэдээлэл өгөх уулзалтууд зохион байгуулж, ном, гарын авлага хэвлүүлэх юм байна.
 
Зуучийн үйлчилгээний тухайд зээл авах хүсэлтэй, жижиг дунд бизнес эрхлэгчдэд бичиг баримтаа шаардлагын дагуу цуглуулахад нь мэргэжлийн зөвлөгөө өгч, банк бизнес эрхлэгчийн хооронд зуучлах юм.
 
Ингэснээр хоёр жилийн хугацаанд 500 жижиг дунд бизнес эрхлэгч 25 сая ам.доллартай дүйх зээл авахад нь дэмжлэг үзүүлэх аж. Мөн төслийн баг Зээлийн батлан даалтын сан, Аж үйлдвэрийн яам болон арилжааны банкуудтай хамтран ажиллах юм байна.
 
Зээлийн батлан даалтын сан төслийн нийт санхүүжилтийн 60 хүртэл хувьд нь батлан даалт гаргах юм байна. Түүнчлэн төслийн багийнхан зөвхөн нийслэлд ажиллахгүй, Баян-Өлгий, Дорнод, Сэлэнгэ, Дундговь аймгуудад салбараа нээхээр төлөвлөжээ.
 
Аж үйлдвэрийн яам 2012-2016 онд жижиг дунд үйлдвэрлэлийн 1500 төсөлд 241 тэрбум төгрөгийн зээл олгосон бөгөөд Хөгжлийн банкнаас жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 200 тэрбум төгрөгийн зээл олгож байгаа юм. Үүний 50 тэрбум төгрөгийг Сум хөгжүүлэх сангуудаар дамжуулан олгоод байгаа аж.
 
Н.Туяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг