sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 23-24-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн ээлжит 16 дугаар хуралдааны өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцохоор өнөөдөр мордлоо.
 
Хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын ээлжит гурав дахь дээд түвшний уулзалтад оролцож, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ислам Каримов нартай тус тус хоёр талын уулзалт хийнэ.
 
Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын уулзалт нь гурван талт худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хамтын ажиллагааны ирээдүйтэй чиглэлүүдийг тодорхойлох, дээд түвшинд хүрсэн тохиролцоог ажил хэрэг болгоход чухал ач холбогдолтой. Уулзалтын үеэр гурван талт хамтын ажиллагааны зарим баримт бичигт гарын үзэг зурахаар төлөвлөж байна.
 
Мөн ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлж, ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудтай хоёр болон олон талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар Монгол Улсын байр суурийг илэрхийлэхээс гадна өөрийн улсын нийгэм, эдийн засгийн байдлын талаар товч мэдээлэл хийх аж. 
 
Н.Туяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг