sonin.mn
УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл өнөөдөр хуралдаж, энэ сарын 23, 24-ний өдөр байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал, хуваарийг баталлаа. 
 
УИХ-ын Хаврын чуулганы завсарлагын хугацаа дуусч байгаа юм. Тиймээс маргаашнаас эхлэн чуулганы үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, Хууль зүйн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдах юм байна.
 
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар: 
 
-Тахарын албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг
 
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар:
 
-Батлан хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/, эцсийн хэлэлцүүлэг
 
-Зэвсэгт хүчний тухай /шинэчилсэн найруулга/, эцсийн хэлэлцүүлэг
 
-Цэргийн албаны тухай, эцсийн хэлэлцүүлэг
 
-Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг
 
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар:
 
-Мал, амьтны эрүүл мэндийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм байна.
 
Тэгвэл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан энэ сарын 24 буюу баасан гарагт хуралдаж байнгын хороодоор хэлэлцсэн хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлахаар хуваарилжээ. 
 
Н.Туяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг