sonin.mn
НЬЮ-ЙОРК. /ВВС/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвших нь тодорхой болоод байгаа Дональд Трамп өөрийн өрсөлдөгч болох Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтоныг “АНУ-ын түүхэн дэх хамгийн ихээр авлигад автсан нэр дэвшигч” гэж тодорхойллоо.
 
Трамп хэлэхдээ “төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа “улс төрөөс ашиг хонжоо хүртсэн”, “дэлхийн хэмжээний худалч” эмэгтэйтэй би ирэх 11 дүгээр сард болох сонгуульд өрсөлдөнө” гэсэн байна.
 
Тэрбээр Нью-Йорк хотод үг хэлэхдээ “энэ эмэгтэй та бүгдийг ядууруулах замаар баяжсан” гэжээ. Харин Трампыг ингэж хэлсэнтэй холбогдуулан хатагтай Клинтон хэлэхдээ “ор үндэслэлгүй худал яриа” гэсэн аж.
 
Трампын эдийн засгийн аюултай бодлогууд биднийг дахин хямралд оруулна гэдэгтэй зүүний, барууны болон төвч үзэлт эдийн засагчид бүгд санал нэг байгаа гэж Х.Клинтоны хэвлэлийн төлөөлөгч хэлжээ. 
 
Өчигдөр бизнесмэн Трамп Ардчилсан намын нэр дэвшигчид маш хүчтэй цохилт өгсөн байна. Х.Клинтонд “ерөнхийлөгч хүнд байх ёстой тийм зан төрх, тунгаан бодох чадвар” байхгүй бөгөөд “тэр лалын хэт давруу үзэлтнүүдийн терроризмын аюул заналыг хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг” гэж Трамп хэлжээ.
 
Мөн “Төрийн нарийн бичгийн дарга байхдаа түүний гаргасан шийдвэрүүд нь үхэл, сүйрэл, терроризмыг дэлгэрүүлж, гаргасан гадаад бодлогын шийдвэрүүд нь ар араасаа үхэл дагуулж байсан” гэж Трамп хэлсэн байна.
 
Эцэст нь Трамп “эмэгтэйчүүдийг боолчилж, ижил хүйстнүүдийг үхлийн аюул руу түлхэх боломжийг лалынханд өгч, тэднийг АНУ-д нэвтрүүлэхийг энэ эмэгтэй дэмжиж байна” гэжээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг