sonin.mn
ВАШИНГТОН. /ВВС/. АНУ-д ядуурлын түвшин өндөр байгааг Олон улсын валютын сангийн /ОУВС/ жил тутмын эдийн засгийн үнэлгээний тайланд анхааруулжээ. Тус сан “АНУ-д долоон хүн тутмын нэг нь ядуу зүдүү амьдарч байна” гээд “ядуурлыг бууруулах яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байна” гэдгийг онцлон дурдлаа.
 
Цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэх, амаржихаар ажлаасаа чөлөө авсан эмэгтэйчүүдэд тэтгэмж олгохыг ОУВС зөвлөсөн байна. ОУВС-ын хувьд АНУ-ын эдийн засаг 2016 онд 2.2 хувиар өснө гэж урьдчилан таамаглаж байна. Өмнө нь тус сан 2.4 хувиар өснө гэсэн таамаглал дэвшүүлж байсан юм.
 
Тус улсын эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамаг тоон үзүүлэлтийг ингэж бууруулах болсон шалтгаан нь дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч, хэрэглээ буурч байгаатай холбоотой ажээ.
 
Мөн боловсролын салбарт илүү хөрөнгө оруулах, Америкийн ядуусыг ажилтай болгохын тулд хүүхэд асрах үйлчилгээ зэрэг нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийг ОУВС зөвлөсөн байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг