sonin.mn
АНУ-ын Калифорния мужийн Пало Альто хотод энэ сарын 22-24-нд болж буй Дэлхийн Энтрепренеруудын чуулга уулзалтад Монголын энтрепренер Б.Хонгорзул, Б.Амартайван нар оролцож байгааг Улаанбаатар дахь тус улсын ЭСЯ-наас мэдээллээ.
 
Монголын төлөөлөгчид дэлхий дахинаас цугласан 700 гаруй энтрепренер, хөрөнгө оруулагч, илтгэгч болон энтрепренершип салбарын манлайлагчидтай энэ үеэр уулзаж буй юм.
 
Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон Худалдааны сайд Пенни Притцкер, Жижиг бизнесийн газрын зохион байгуулагч Мария Контрерас-Свийт, АНУ-ын ОУХА-ийн зохион байгуулагч Гэйл Смит, Дэлхийн эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан Тусгай үүргийн Элчин сайд Кэтрин Рассел, Олон нийтийн дипломат ажиллагаа болон Олон нийттэй харилцах асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн даргын орлогч Ричард Стенгэл зэрэг өндөр дээд албан тушаалтнуудтай уулзахаар товложээ.
 
Энэхүү Дэлхийн Энтрепренеруудын чуулга уулзалт нь 7 дахь удаагийнх бөгөөд АНУ, Турк, Эмират, Малайз. Морокко, Кени улсын Засгийн газруудын өмнө зохион байгуулсан чуулга уулзалтуудын үргэлжлэл болох юм.
 
Монголыг төлөөлж буй энтрепренер Бат-Ирээдүйн Хонгорзул нь АНУ-ын Засгийн Газрын Фүлбрайт тэтгэлгээр Тафтс их сургуульд суралцан Дипломат ажиллагаа, эрх зүйн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан, Монголын Эдийн Засгийн Форум ТББ-д, Сингапурын Олон талт хөрөнгө оруулалтыг Баталгаажуулагч агентлагт ажиллаж байгаад одоо олон нийтийн харилцаа, маркетингийн “Брейктрүү” компанид ажиллаж байгаа, эмэгтэйчүүд болон хүүхдүүдийн эрх ашгийг дэмжигч, хүйсийн тэгш эрх, шударга бүхний төлөө тэмцэгч эмэгтэй юм.
 
Бүдээгийн Амартайван нь Дархан-Уул аймгийн 26-р сургууль, МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуульд суралцаж төгссөн, “Программчлалын VI олимпиад“-д тэргүүлж байсан, одоо мэдээллийн технологийн "Юмомент" компанид ажилладаг чадварлаг боловсон хүчин юм.  
 
Н.Гантуяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг