sonin.mn
ШИНЭ ДЕЛИ. /VOA/. Энэтхэгт лхагва гарагаас пүрэв гарагийн хооронд 24 цагийн хугацаанд 66 хүн аянганд цохиулж амиа алджээ. Тус улсын хойд нутгийн Бихар мужид аянганд ниргүүлж 46 хүн амиа алдаж, 22 хүн гэмтэж бэртсэн бол хөрш зэргэлдээх Уттар Прадеш мужид 20 гаруй хүн амиа алдсан байна.
 
Бихар мужийн Гамшигтай тэмцэх газрын нарийн бичгийн дарга Вияас Жи хэлэхдээ, гамшигт нэрвэгдсэн хүмүүсийн ар гэрт 5 900 долларын тусламж үзүүлнэ хэмээн мэдэгджээ.
 
Хөдөө  орон нутгаас шилжин ирэгсэд энэ мэт золгүй байдлаар амиа алдан нөхөн  төлбөр авах тохиолдол ихсэх хандлагатай байгааг эрх баригчид дурдлаа. Тус улсад борооны улирлын үеэр тариаланчид аянганд цохиулж амиа алдах тохиолдол олонтоо гарах болжээ.
 
Энэтхэгт 6 дугаар сараас 9 дүгээр сар хүртэл борооны улирал үргэлжилдэг бөгөөд жилд ордог хур тунадасны 80 хувь нь энэ үеэр ордог байна.
 
Х.Сарнай
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг