sonin.mn
МОНЦАМЭ агентлаг дахь АСЕМ-ын мэдээллийн төвд Ази-Европын Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалтын үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ.
 
Хүнс хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд ярихдаа, “АСЕМ-ын дээд түвшний уулзалтын дагалдах хурлуудын нэг Ази-Европын Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалтад 17 орны хүнс хөдөө аж ахуйн асуудал хариуцсан ажилтнууд оролцлоо.
 
Хоёр өдөр үргэлжилсэн хуралдаанаар Хүнсний үйлдвэрлэл, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, Хоол тэжээл гэсэн гурван сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөсөн. Тус хурлаар генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн дэлхийн нийтийн тулгамдсан асуудал болсныг онцолсон.
 
Манай улсын хувьд хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Генетикийн өөрчлөлттэй хүнсээс татгалзаж, цэвэр бүтээгдэхүүнийг чухалчилж буй энэ үед бэлчээрийн мал аж ахуйг дэлхий нийтэд таниулах нь чухал гэсэн байр суурьтай оролцсон.
 
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 73 сая тоо толгой малтай. Тиймээс мах, махан бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх, экспортлох нь Монгол Улсын хувьд чухал гэдгийг төлөөлөгчид тодотгосон.
 
“Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт”-ын үр дүнд генетикийн өөрчлөлтөд орсон хүнсний асуудлыг хөндөж, хүнсний аюулгүй байдалд тавих хяналтаа улс орнууд чангатгах зөвлөмж гаргах шийдэлд хүрч дүгнэлтээ ирэх долдугаар сард болох АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын хэлэлцүүлэгт хүргүүлнэ” гэлээ. 
 
 Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг