sonin.mn
Хэвлэлийн хүрээлэнгээс өнөөдөр Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Канадын Гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй Сонгуулийн мэдээллийн судалгааны урьдчилсан дүнг танилцууллаа.
 
Урьдчилсан дүнг хэвлэмэл 6 сонин, 5 онлайн мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээний 40 гаруй нүүр хуудсыг сонгуулийн сурталчилгаа  албан ёсоор эхлэхээс өмнөх буюу 5 дугаар сарын 30-наас 6 дугаар сарын 10-ныг хүртэл, мөн сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойшхи эхний хоёр хоногт ажигласны үндсэн дээр нэгтгэн гаргав.
 
Судалгааны явцад дээрх мэдээллийн хэрэгслээр түгээсэн сонгуультай холбоотой бүх төрлийн мэдээлэлд тоон болон чанарын дүгнэлт хийсэн байна. Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш сонгуультай холбоотой мэдээллийн тоо 2 дахин нэмэгдсэн. Ингэхдээ сонгуулийн талаарх цаг үеийн мэдээлэл цөөрч, харин сонгуулийн шууд болон дам сурталчилгаа өссөн байна.
 
Сонгогчдын боловсролд зориулсан сэтгүүл зүйн бүтээлийн давтамж цөөн боловч тогтвортой байжээ. Сонин, сайтууд ойролцоогоор дөрвөн бүтээлийнхээ нэгд эмэгтэй нэр дэвшигчдийг дурьдсан аж.
 
Улс төрийн олон жилийн туршлагатай эмэгтэйчүүдийн тухайд эерэг, харин УИХ-ын болон аймаг нийслэлийг ИТХ-ын сонгуульд анх удаа нэр дэвшиж буй эмэгтэйчүүдийн талаар сөрөг өнгө аяс давамгайлсан. Харин энэ үеэр АН-аас санаачилсан 1072 хувьцааг худалдан авах тухай сэтгүүлчийн жиргээ хамгийн олон хүнд хүрчээ.
 
Мөн нэр дэвшигчид жиргээг өөрийн сурталчилгааны чухал индэр болгож байгаа бол сэтгүүлчид сонгуулийн явцын мэдээлэх хэрэгсэл болгон ашиглаж байна. Тус судалгаа сонгуулийн сурталчилгаа дуусах хүртэл үргэлжлэх юм.
 
Н.Отгончимэг
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг