sonin.mn
Швейцарь улсын иргэн Бруно Дубач хэмээх 69 настай эр Монгол орны гол, мөрнөөр завар аялж яваад сураггүй болжээ. Тэрбээр Завхан аймгийн Идэр сумын нутгаар урсдаг Идэр голоос өнгөрсөн 5 дугаар сарын 24-нд аяллаа эхэлж, хамгийн сүүлд энэ сарын 10-нд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын нутаг дахь Олон голын бэлчрээр урсдаг Сэлэнгэ мөрнөөр аялж байсан гэнэ. Энэ хавьд олон жижиг гол Сэлэнгэ мөрөнд цутгадаг. Түүнээс хойш сураггүй болсон учир холбогдох хүмүүс нь энэ сарын 21-ний 14 цаг 20 минутад онцгой байдлын алба /ОБА/-нд ханджээ.
 
Эрлийн талаар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын дарга Г.Нэргүй "Бид мэдээллийг хүлээн авсан даруйдаа эрлийн ажиллагаа зохион байгуулсан. Манай эрэн хайх салбарын дарга Мөнхбатаар ахлуулсан завьтай зургаан аврагч энэ сарын 21-ний 16 цагаас эхлэн Дэлгэрмөрөн голын Хилэнтийн гүүрнээс эхлэн, эрхэн хайсаар гол дагуу нийтдээ 100 гаруй км газрыг самнаад байна. Одоо олон голын бэлчирт эрэл үргэлжилж байна" гэжээ.
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг