sonin.mn
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, агентлагууд ажил үйлчилгээгээ танилцуулах зорилгоор нээлттэй өдөрлөг зохион байгуулж байгаа юм. Энэ долоо хоногт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Тээврийн газар,
 
Нийслэлийн Орон сууцны корпораци зэрэг байгууллагууд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж, ажил үйлчилгээгээ танилцуулсан. 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр буюу ирэх даваа гарагт  Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас Нийслэлийн үйлчилгээний Дүнжингарав төвд “Нээлттэй өдөрлөг” зохион байгуулахаар болсон байна.
 
Энэ өдрийн 09:00-11:00 цагийн хооронд “Худалдан авах ажиллагааны чанар ба тэгш өрсөлдөөн” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахаас гадна тендерт оролцсон туршлага багатай аж ахуйн нэгжүүдэд зориулсан үнэ төлбөргүй сургалт  хийхээр болсон байна.
 
Хэлэлцүүлэг нь нийслэлийн бүтээн байгуулалт, худалдан авалтад гар бие оролцож байгаа аж ахуйн нэгж байгууллагад худалдан авах ажиллагаатай холбоотой хүндрэл бэрхшээл үүсч байгаа эсэхэд дүгнэлт хийх, асуудлыг тодорхойлох, шийдвэрлэх зорилготой юм.
 
Иймд аж ахуйн нэгжүүдэд худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагад тавих санал хүсэлт, шаардлага болон зөвшилцөх, хэлэлцэх асуудлаа тодорхойлж ирэх хэрэгтэй юм байна.
 
Аж ахуйн нэгжээс тендерийн баримт бичиг бэлтгэдэг ажилтнуудаа үнэ төлбөргүй сургалтад хамруулахаас гадна мэргэшсэн ажилтнуудаас тендерийн бичиг баримт, хууль журмын талаар заавар зөвлөгөө авах боломжтой юм.  
 
Мөн энэ үеэр 2016 онд хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын нарийвчилсан мэдээлэл өгөхөөс гадна компанийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн товч танилцуулга, авч ирсэн тохиолдолд Үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжийн бүртгэлд хамруулах юм.  
 
Уг бүртгэлд хамрагдсанаар дотоодын давуу эрх тооцох, сонгон шалгаруулалтыг худалдан авах ажиллагааны онцгой журмаар зохион байгуулах, худалдан авах ажиллагаатай холбоотой зар мэдээлэл цахимаар хүлээн авах зэрэгт үйл ажиллагааны мэдээллийг оруулах боломжтой болно.
 
Сургалт болон Хэлэлцүүлэг оролцох аж ахуйн нэгж, иргэн 75757810 утсаар холбогдож бүртгүүлэх юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээдэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.