sonin.mn
Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа АХБ-ны Суурин төлөөлөгч хатагтай  Ёланда Фернандез Ломмэнийг өнөөдөр хүлээн авч уулзаж, эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй төслүүд болоод цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
 
Уулзалтын эхэнд ЭМС-ын сайд,  АХБ нь 19991 оноос хойш  манай улсын нийгмийн салбар тэр дундаа эрүүл мэндийн салбарыг ихээхэн дэмжиж ирсэн гол хандивлагчдын нэг. Өнөөдөр нээлтээ хийж байгаа ЦССҮТ-ийн шинэ барилгыг ашиглалтад оруулахад санхүүгийн ихээхэн дэмжлэг өгч, орчин үеийн өндөр хурд бүхий тоног төхөөрөмжөөр ханган өгч байгаад баяртай байна.
 
Манай салбарт өмнө нь хэрэгжсэн таван төслийн хүрээнд Монгол Улсад цусны аюулгүй байдлыг  бэхжүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудын хог хаягдлын  менежментийг сайжруулах, эрүүл ахуй  халдварын сэргийлэлт хяналтыг сайжруулах зорилго бүхий үйл ажиллагааг хэрэгжүүлж ирсэн.  
 
Аймгуудын 26 цусны  салбар төвд шаардлагатай  тоног төхөөрөмж нийлүүлэхээр шалгарсан компаниудтай яам өнгөрсөн онд гэрээ байгуулсан. Тендер шалгаруулалтын явцад алдаа гаргаж хариуцлагагүй үйл ажиллагаа явуулснаас болж, ЦССҮТ-д тоног төхөөрөмж нийлүүлэхэд зарцуулах 4,7 сая ам.долларын санхүүжилтийг  буцаан татах шийдвэр АХБ-наас яаманд ирсэн.
 
Тиймээс энэ асуудалд анхаарлаа хандуулж нааштай шийдвэрлэхийг хүсээд, зүй бус  сонгон шалгаруулалт  хийхэд оролцсон холбогдох хүмүүст хариуцлага тооцохоор  мэдэгдэл өгсөн гэдгийг онцлон хэллээ.
 
 Хатагтай Ломмэн эрүүл мэндийн  салбарт  хамтран ажиллаж байгаа олон жилийн хамтын ажиллагаанд талархалтай байгаагаа илэрхийлээд, энэ онд АХБ, Монгол Улсын Засгийн газрын түншлэлийн 25 жилийн ой тохиож байна.
 
Тиймээс таны тавьсан асуудалд шийдэл олохын төлөө хамтран ажиллана. АХБ-ны худалдан авах ажиллагааны дүрэм журам чанга ч гарц олж монгол хүний амь насыг хамгаалахын төлөө  ажиллах болно гэдгээ илэрхийллээ.  
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг