sonin.mn
Тавантолгой цахилгаан станцын Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах ёслол Шангри-Ла зочид буудалд өнгөрөгч баасан гаригт болов. Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр болон Монгол Улсын Их Хурлаас баталсан Төрөөс эрчим хүчний салбарт баримтлах бодлогын баримт бичигт Тавантолгойн нүүрсний орд газрыг түшиглэн цахилгаан станц барьж, Оюутолгой төсөл, өмнийн говийн аж үйлдвэрийн болон уул уурхайн цогцолборуудыг эрчим хүчээр хангах зорилт тусгагдсан. Энэхүү зорилтын хүрээнд барьж байгуулах Тавантолгой цахилгаан станц нь Монгол Улсын анхны бие даасан эрчим хүч үйлдвэрлэгч буюу “Independent Power Producer (IPP)” төсөл болох юм.  
Монгол Улсын Засгийн Газрын харьяа Төслийн нэгжээс зохион байгуулсан сонгон шалгаруулалтын үр дүнд төслийн гадаадын хөрөнгө оруулагчаар Японы Марубени корпораци, дотоодын хөрөнгө оруулагчаар М-Си-Эс компани тус тус шалгарч, төслийг хэрэгжүүлэгч Тавантолгой цахилгаан станц Компани байгуулагджээ. Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулснаар үндсэн худалдан авагч болох Оюутолгой ХХК-тай Эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулах, төслийг санхүүжүүлэгч олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай хэлэлцээр хийх зэрэг томоохон ажлын эхлэл тавигдаж байгаа аж. 
 
Гарын үсэг зурах ёслолын ажиллагааны үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Монгол Улс бизнестээ эргэн ирлээ” гэдгийг онцолсон юм. Тэрээр “Монгол Улс бизнестээ эргэн ирж байгаагийн нэг том үйл явдал өнөөдөр тохиож байна. Энэ бол Тавантолгойн цахилгаан станцын төсөл бөгөөд өнөөдөр Монгол Улсын Засгийн газар, уг төслийн хөрөнгө оруулагчдын хооронд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж байна” гээд “IPP” төсөл анх удаа хэрэгжиж байгаа учраас шинэ ойлголтууд, шинэ зохицуулалт,  шинээр мэдэх, сурах зүйлс чамгүй их гарч байгааг хаа хаанаа ойлгох нь зүйтэй. Үүнтэй уялдуулан цаашид хууль эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор урган гарч байгаа нь хэлэлцээрийн явцад ажиглагдсан бөгөөд цаашид энэ чиглэлд анхаарлаа хандуулан ажиллах болно. Уг төслийг Монгол Улсын хамгийн том донор орон Япон Улсын Марубени корпораци, Монгол Улсын М-Си-Эс компанитай хамтран хэрэгжүүлэхээр болж өнөөдөр Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурж байгаа нь түүхэн ач холбогдолтой үйл явдал юм” хэмээн хэлсэн. Үнэхээр ч Японы Марубени корпораци нь бүтээн байгуулалтын энэхүү мега төсөлд хөрөнгө оруулахаар болж байгаа нь хоёр улсын хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр дүнг баталгаажуулах эхний том үйл явдал болж буй. 
Түүнчлэн Ерөнхий сайд хэлсэн үгэндээ “Энэхүү төсөл Засгийн газраас ямар нэг баталгаа, барьцаа шаардахгүй, хувийн хэвшил бүх эрсдлээ өөрөө дааж, тэрбум гаруй долларын хөрөнгө оруулалт хийж байгаагаараа онцлогтой” гэдгийг ч дурдсан. 
 
Энэхүү хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хэлэлцээр хийх ажлын хэсгийг Монгол Улсын Сайд М.Энхсайхан ахалсан бөгөөд тэрээр Төслийн нэгжийн ажлын гүйцэтгэл, гэрээний тодорхой зүйлсийг тайлбарлав. 2013 онд Эрчим хүчний яамны дэргэд Тавантолгой цахилгаан станц Төслийн нэгж байгуулагдан Чингис бондоос анхны санхүүжилтийн хөрөнгийг гаргаж ажилласнаас хойш төслийг амжилтанд хүргэхийн тулд нөр их ажил гүйцэтгэсний дотор Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг болон хөрөнгө оруулагч тал нийт 4 удаа нэгдсэн хуралдаан, 15 удаагийн тусгайлан хэлэлцээ хийж, нийтдээ 100 гаруй асуудлыг хэлэлцэн Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэж үр дүнд хүрсэн гэдгийг тайлагнасан юм. Сайдын танилцуулснаар хөрөнгө оруулалтын гэрээ нь 18 бүлэг, 9 хавсралттай. Санхүүжилтийн хувьд төслийн санхүүжилт хэлбэртэй байх ба нийт хөрөнгө оруулалт нь 1 тэрбум ам.доллар, үүнээс 30% нь хөрөнгө оруулагчийн шууд хөрөнгө оруулалт, 70% нь олон улсын банк, санхүүгийн байгууллагаас татсан зээлийн эх үүсвэр байх аж. 
Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр Тавантолгой Цахилгаан станц ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхтөр  “Тавантолгой цахилгаан станцын Хөрөнгө оруулалтын гэрээ нь төслийг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай, татварын орчныг тогтворжуулах төдийгүй Засгийн газар болон хөрөнгө оруулагчдын хоорондын харилцааг зохицуулсан суурь баримт бичиг болох” талаар дурдаад “Тавантолгой цахилгаан станцыг барьж байгуулснаар Монгол Улсын өмнөд бүсийн цахилгаан эрчим хүчний найдвартай хангамжийг бий болгож, Засгийн газраас дэвшүүлэн тавьж буй цахилгаан эрчим хүч экспортлогч орон болох зорилтод томоохон хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байна” гэдгээ илэрхийлсэн юм. 
450 МВт-ын хүчин чадалтай тус цахилгаан станц нь Тавантолгойн нүүрсний орд дахь экспортлох боломжгүй эрчим хүчний нүүрсийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэж Оюутолгой төслийн хэрэгцээг бүрэн найдвартай хангахын зэрэгцээ эрчим хүчний нэгдсэн сүлжээнд нийлүүлэх юм. Ингэснээр Монгол Улсын эрчим хүчний баталгаат хангамжийг сайжруулах, Оюутолгойгоос эрчим хүчний импортод жил бүр төлж буй 200 сая ам.долларын эх үүсвэрийг дотоодын эдийн засагт шингээх, орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх зэрэг чухал ач холбогдолтой.
 
 
Энэхүү мега төсөл хэрэгжиж эхэлснээр улсын төсөвт татвар, хураамж хэлбэрээр жил бүр 150 хүртэлх тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх аж. Түүнчлэн төслийн барилга угсралтын үед 3,000 орчим, ашиглалт эхэлснээс хойш 200 орчим шууд ажлын байр шинээр бий болж, дагалдах үйлдвэрлэл, засвар үйлчилгээг орон нутгийн аж ахуйн нэгж, иргэдээс авах замаар олон зуун том, жижиг аж ахуйн нэгж энэхүү төслийн үр шимийг хүртэх юм байна.
Төслийн гадаад хөрөнгө оруулагч болох Марубени корпораци нь 1858 онд байгуулагдсан бөгөөд эрчим хүч, дэд бүтэц, аж үйлдвэрийн машин, ложистик, үл хөдлөх хөрөнгө, барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байна. Эрчим хүчний чиглэлээр дэлхийн 22 оронд нийт 36,072 МВт суурилагдсан хүчин чадал бүхий цахилгаан станцыг эзэмшиж, ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг дэлхийн томоохон эрчим хүч үйлдвэрлэгч юм.
Дотоодын хөрөнгө оруулагч М-Си-Эс групп нь эрчим хүч, инженеринг дэд бүтэц, мэдээлэл харилцаа холбоо, уул уурхай, барилга, үл хөдлөх хөрөнгө, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 7600 гаруй ажилтан албан хаагчтай, сүүлийн таван жилд улсын төсөвт жил тутам 200 тэрбумаас дээш буюу нийтдээ 1.3 их наяд төгрөг төвлөрүүлсэн хувийн хэвшлийг тэргүүлэгч компани юм. Эрчим хүчний чиглэлээр Булган-Мөрөн, Арвайхээр-Баянтээг-Баянхонгорын 110кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамууд, Мандалговь-Тавантолгой-Оюутолгойн 220кВ-ын цахилгаан дамжуулах шугам,  Монгол инженерүүдийн ур ухаанаар боссон Монголын анхны цахилгаан станц - Ухаа Худаг цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэсэн юм.
 
Б. Мөнхсайхан