sonin.mn
УИХ-ын 2016 оны Хаврын ээлжит чуулганыг сарын 28-ны мягмар гараг буюу маргааш хаахаар товложээ.   УИХ-ын Хаврын чуулган өнгөрөгч 4 дүгээр сарын 5-нд нээлтээ хийж, өнгөрөгч 5 дугаар сарын 23 хүртэл үргэлжилсэн. Хуулийн дагуу 7 дугаар сарын 1-нд Хаврын чуулган хаалтаа хийх ёстой ч ээлжит сонгууль тохиож буй учир нэг сарын хугацаатай завсарлуулаад байсан юм.
 
Завсарлагын хугацаа энэ сарын 23-нд буюу өнгөрөгч пүрэв гарагт дуусч, байнгын хороо, чуулганы хуралдаан зарласан ч гишүүдийн ирц бүрдээгүй шалтгаанаар хуралдаж чадаагүй.
 
Зөвхөн Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо хуралдаж Батлан хамгаалахын багц хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн ч чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэж чадаагүй юм.  Ингээд УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл хуралдаж, УИХ-ын Хаврын ээлжит чуулганы хаалтыг мягмар гарагт 09.00 цагаас хийхээр шийдвэрлэжээ.
 
Чуулган хааж буй учир эцсийн найруулгыг нь хийж батлах хуулийн төслүүд сонгуулийн дараах шинэ парламентыг хүлээх болж байна. Үүнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслүүд багтаж байгаа юм. 
 
Н.Туяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг