sonin.mn
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас өнөөдөр Нийслэлийн үйлчилгээний Дүнжингарав төвд “Нээлттэй өдөрлөг” зохион байгуулж, тендерт хэрхэн амжилттай оролцох талаар үнэ төлбөргүй сургалт явуулах гэж байна. 
 
Нээлттэй өдөрлөгийн хүрээнд “Худалдан авах ажиллагааны чанар ба тэгш өрсөлдөөн” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, нийслэлийн бүтээн байгуулалт, худалдан авалтад гар бие оролцож байгаа аж ахуйн нэгж байгууллагад худалдан авах ажиллагаатай холбоотой хүндрэл бэрхшээл үүсч байгаа эсэхэд дүгнэлт хийх, асуудлыг тодорхойлох, шийдвэрлэх талаар ярилцах аж.
 
Мөн тендерт оролцсон туршлага багатай аж ахуйн нэгжүүдэд сургалт явуулж, худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтнууд тендерийн бичиг баримт, хууль журмын талаар заавар зөвлөгөө өгөх юм байна.
 
Мөн энэ үеэр 2016 онд хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын нарийвчилсан мэдээлэл өгч, компанийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн товч танилцуулга, авч ирсэн тохиолдолд Үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжийн бүртгэлд хамруулах юм.
 
Уг бүртгэлд хамрагдсанаар дотоодын давуу эрх тооцох, сонгон шалгаруулалтыг худалдан авах ажиллагааны онцгой журмаар зохион байгуулах, худалдан авах ажиллагаатай холбоотой зар мэдээлэл цахимаар хүлээн авах зэрэг үйлчилгээ авах боломжтой болох аж. 
 
Н.Туяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг