sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Норвегийн Осло хотноо энэ зургадугаар сарын 21-23-ны өдөр болсон Цаазаар авах ялын эсрэг Дэлхий нийтийн 6-дугаар Конгресст зориулан мэндчилгээ илгээв.
 
Тэрбээр мэндчилгээндээ
 
Та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэн хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Та бүхэн бол хүний амь насыг хамгаалагчид үүний төлөө мятаршгүй тэмцэгчид билээ.
 
Цаазын ялтай тэмцэх тал дээр та бүхэнд ярих зүйл их байх. Би ч гэсэн нэгэн түүх өгүүлье.
 
Анх 2009 оны зургадугаар сарын 18-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөсний дараа миний ширээн дээр гарын үсэг зурах хоёр зарлиг байсан юм. Нэг нь гэмт хэрэгтэнд цаазын ял оноох, нөгөө нь түүнийг өршөөх зарлиг байсан. Тэгээд би өршөөх зарлигт гарын үсэг зурсан. Ард түмнийхээ ирээдүйг гэрэл гэгээтэй, шударга, цусгүй байг гэж би хүссэн. Тэр өдрөөс хойш Монгол Улсад цаазын ял оноогоогүй өнөөг хүрчээ.
 
Монгол Улс 2010 оны нэгдүгээр сарын 1-нд цаазаар авах ялын гүйцэтгэлд мораториум тогтоосон. Үүнээс хоёр жилийн дараа 2012 оны нэгдүгээр сарын 5-нд Монгол Улсын Парламент НҮБ-ын Цаазын ялаас татгалзах олон улсын гэрээнд нэгдсэн. Мөн илүү сайхан мэдээ биднийг хүлээж байгаа. Юу гэвэл энэ 2016 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Эрүүгийн хуулийн дагуу Монгол Улс бүрмөсөн цаазын ялгүй улс болно.
 
Хүндэт нөхөд өө,
 
Аливаа төр засаг ард иргэдийнхээ тусын тулд ажилладаг гэдэг. Тэгэхээр иргэдийнхээ аминд хүрэх эрх ямар ч төрд байх ёсгүй. Бид жигшүүрт гэмт этгээдийг шийтгэж болох ч тэдний аминд хүрч болохгүй. Цаазын ял бол үр дүнгүй төдийгүй зэрлэг балмад арга юм. Бид ямар ч тохиолдолд цаазын ялыг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй.
 
Хүн төрөлхтөн нийтээрээ удахгүй цаазын ялаас татгалзана гэдэгт би итгэдэг. Энэ түвэгтэй асуудал дээр манлайлахад бэрх гэдгийг бид мэднэ. Гэсэн хэдий ч Ази дахь ардчиллын  түүчээ орны хувьд монголчууд бид өөрсдийн үзэл бодол нэгт нөхөддөө цаазын ялаас татгалзах тал дээр харамгүй туслах болно.
 
Та бүхэн энэ үйлсийн манлайлагчид нь шүү. Та нар магтуулах, бас шагнуулах гавьяатай хүмүүс. Цаазын ялгүй дэлхий үнэхээр урамтай сайхан. Үүний төлөө хамтран зүтгэе. Анхаарал тавьсанд баярлалаа” гэв.