sonin.mn
БЭЭЖИН. /NHK/. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк /АДБХОБ/ 24 шинэ гишүүнтэй болж магадгүй. АДБХОБ-ны Ерөнхийлөгч Зинь Лицюнь өнгөрсөн бямба гарагт тус банкны цаашдаа жил тутам болох анхны уулзалтын нээлтийн үеэр энэ тухай мэдэгджээ.
 
Тэрбээр хэлэхдээ “манай банкны гишүүн болох хүсэлтэй байгаа 24 улсын төлөөлөгчдийг хүлээн авахад таатай байна” гэсэн байна. Түүний хэлснээр, тус банкны гишүүн болох хүсэлтэй улсуудаас энэ оны есдүгээр сарын эцэс хүртэл өргөдөл хүлээн авч, гишүүн болгох эсэхийг ирэх оны эхээр албан ёсоор шийдэх аж.
 
24 улс шинээр элсвэл АДБХОБ-ны гишүүдийн тоо 81 болно. Манилад төвтэй Азийн хөгжлийн банк 67 гишүүнтэй юм. АДБХОБ 57 гишүүнтэйгээр өнгөрсөн онд байгуулагдсан билээ. Эхний 4 төслийг хэрэгжүүлэхэд зориулан 509 сая долларын зээл олгохоор шийдвэрлэснээ тус банк өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт мэдэгдсэн юм.
 
АДБХОБ-ны үйл ажиллагааг удирдан явуулж байгаа нь БНХАУ-ын нөлөөг ихээхэн нэмэгдүүлж байгаа бөгөөд тус улс аливаа чухал шийдвэрт хориг тавих бүрэн боломжтой. Тус банк зээлээ олголтоо ил тод, шударгаар явуулах эсэх нь ажиглагчдын анхаарлыг татаж байгаа юм.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг