sonin.mn
ЧУНЬЦИН. /Xinhua/. Хятадын баруун урд нутгийн Чуньцин хотын эмч нар төрөөд 112 хонож буй нярай хүүд хагалгаа хийжээ. Маш ховор тохиолддог өвчнөөр өвчилсөн хүүгийн зүрхний нэг хэсэг нь цээжнийх нь гадна байсан байна.
 
“Pentalogy of Cantrell” буюу цээж-хэвлийн хам шинж гэх энэ өвчин нэг сая хүүхдэд нэг тохиолддог маш ховор эмгэг юм. Аньань хүү Шэньси мужийн Сеньян хотынх аж. Түүнийг 6 дугаар сарын 21-нд Чуньцины Анагаах ухааны их сургуулийн Хүүхдийн эмнэлэгт шилжүүлсэн гэнэ.
 
Зүрхний мэс засалч У Чунь титан хавтангаар хүүгийн цээжийг тэлэн зүрхийг нь багтаах зай гаргажээ. “Хагалгааны дараа хүүгийн бие маш хүнд байсан. Одоо хүнд үеэ даваад биеийн байдал нь тогтворжоод байна” гэж У эмч ярив.
 
Энэ нь У эмчийн хувьд сүүлийн 10 жилийн хугацаанд ийм эмгэгтэй хүүхдэд хийсэн 3 дахь хагалгаа нь ажээ. Өмнө нь хагалгаа хийлгүүлсэн хоёр хүүхэд хоёулаа эрүүл саруул байгаа гэнэ. У эмч ярихдаа “Ийм эмгэгийг эмчлүүлэхгүй бол амь насанд аюултай. Аль болох эрт хагалгаа хийлгэх тусмаа сайн” гэв.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг