sonin.mn
ПАРИС./VOA/. Азийн саятнууд Хойд Америк болон Европ зэрэг дэлхийн бусад бүс нутгийн саятнуудаас илүү чинээлэг болсон гэж “Capgemini” зөвлөх компанийн судалгаанд гарчээ.
 
Азийн саятнуудын хөрөнгийн хэмжээ 2015 онд 17.4 их наяд доллартай тэнцэж байсан нь 2006 онд 8.4 их наяд байсантай харьцуулахад даруй 2 дахин өссөн үзүүлэлт хэмээн тус судалгаанд дурджээ.
 
Ази дахь саятнуудын тоо өнгөрсөн жилд  9.4 хувиар өссөн байна. 2015 онд Азид 5.1 сая саятан байсны 2.7 сая нь япончууд, 1 сая нь хятадууд юм. Тэгвэл Хойд Америкт саятнуудын хөрөнгө мөн хугацаанд 11.2 их наядаас 16.6 их наяд доллар болж өссөн байна. АНУ-д 4.5 сая саятан байдаг ажээ.
 
Азийн саятнууд хөрөнгө зоорио 2015 онд 10 хувиар зузаатгасан бол АНУ болон Канадын саятнууд ердөө 2 гаруй хувиар өсгөжээ. Харин Латин Америкийн саятнуудын хөрөнгийн хэмжээ 3.7 хувиар буурсан нь Бразилын хөрөнгийн зах зээл тогтворгүй байсантай холбоотой аж. Европын саятнуудын хувьд хөрөнгөө 4.8 хувиар өсгөсөн байна. 
 
“BBC” агентлагийн мэдээлснээр, өнгөрсөн жил дэлхий дээрх саятнуудын нийт хөрөнгө 60 их наяд доллар байсан нь 30 жилийн өмнөхтэй харьцуулахад даруй 400 хувиар өссөн үзүүлэлт юм.
 
Х.Сарнай
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг