sonin.mn
Богд хан уулын Зайсан-Баруун ширээт чиглэлийн аяллын замыг тохижуулж эхэллээ хэмээн Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ. 
 
Тус чиглэлд өдөрт дунджаар 1000 гаруй явган аялагч зорчдог байна.  3.6 км урттай аяллын замд түр амрах цэг, замын тэмдэг тэмдэглэгээ хийхээс гадна үзэх зүйлсийн тайлбар, зарим бартаатай хэсгүүдэд хашилт, гүүр тавих юм байна.
 
7 дугаар сард багтаан зам засварыг дуусгах гэнэ. Аяллын замыг тохижуулснаар  орчны экосистемд учирч буй сөрөг нөлөөллийг бууруулж, хөрсний элэгдлээс сэргийлэхийн зэрэгцээ аялагчдын аюулгүй байдлыг хангах нөхцөл бүрдэнэ хэмээн албаныхан онцлов.
 
Өнгөрсөн онд Богд хан уул, Горхи-Тэрэлжийн амралт, аялал жуулчлалын бүсэд аялагч, жуулчид төөрснөөс болж 300 гаруй эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан бөгөөд аялагчид гэмтэж бэртэх явдал цөөнгүй гарчээ.
 
Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг