sonin.mn
Нийслэлийн Захирагчийн Ажлын албанаас концессын гэрээгээр  ХУД-ийн 120 мянгатын автобусны буудлын хойно байрлах 2.2 га газрыг тохижуулсан “Шинэ Хан-Уул” цэцэрлэгт хүрээлэнг өнөөдөр иргэдэд хүлээлгэн өглөө.
 
2011 онд нийслэлийн төлөвлөлтөөр дээрх газрыг барилгажуулахаар  төлөвлөсөн бөгөөд үүнийг иргэд эсэргүүцсэний  үр дүнд цэцэрлэгт хүрээлэн байгуулагдсаныг албаныхан онцолсон юм.
 
Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг: “120 мянгат өдрөөс өдөрт  өнгө зүс орсоор байна. Энэхүү цэцэрлэгт хүрээлэн нь залуус болздог, хөгшид нарладаг, хүүхдүүд  тоглодог хайрын цэцэрлэг болохыг үгүйсгэхгүй.
 
Мөн “Торгоны зам”  хэмээх жингийн таван тэмээ цувран алхаж байгаа баримал бий. Энэхүү барималыг өргөжүүлэн нохойгоо дагуулсан морьтой хүн, жингийн 4 тэмээг барималчид нэмж урласан. Ази Европын орнуудын зочид төлөөлөгчид явах замд байрлаж буй энэхүү цогцолбор нь Монгол орны соёл, нүүдэлчин ард түмний онцлогийг дэлхий нийтэд харуулах ач холбогдолтой” гэв.
 
Хан-Уул дүүргийн оршин суугч Н.Дашцэрэн:  “120 мянгатад 10 айл байхад манайх 11 дэх өрх болж нүүж ирсэн. Амьдралынхаа 50 жилийг энд өнгөрөөсний хувьд ногоон байгууламжийг авч үлдэх нь миний үүрэг.  Тиймээс 2011 онд 120 мянгатын автобусны буудлын хойд талыг барилгажуулах шийдвэр гаргасаныг эсэргүүцэж байлаа. Энэ үр дүнд өнөөдөр цэцэрлэгт хүрээлэнтэй болсондоо баяртай байна” гэлээ.
 
Цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төслийг “Кон инженерс” компани хийж, “Монгол тохь”  компани гүйцэтгэлийн дагуу усан оргилуур, байгалийн усан толиог байгуулж, иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрөөх ая тухтай орчныг бүрдүүлсэнд иргэд сэтгэл хангалуун байв. Мөн  хүүхэд багачуудад зориулсан унадаг дугуйн болон дугуйт тэшүүрийн зам талбайг бий болгожээ.
 
Түүнчлэн энд дүүргийн түүхэн үйл явдал хүндэт иргэдийг алдаршуулах алдрын самбарыг байршуулахаар төлөвлөжээ. Шинэчилсэн ажлын хүрээнд гоёл чимэглэлийн зориулалттай мод бут болон ховор эмийн ургамал зэргийг шинээр тарьж, хад чулууг ашиглан байгалийн тогтоцыг харуулсан хэсгүүд бий болгосон нь олны анхаарлыг ихэд татаж байв.
 
“Шинэ Хан-Уул” цэцэрлэгт хүрээлэнд хурал цуглаан хийх талбай байгуулснаас гадна  ирээдүйд  худалдаа үйлчилгээний газрууд, нэгдсэн удирдлага бүхий өндөр хурдны интернэт,  видео, аудио бичлэгийн студи гээд иргэдэд хэрэгцээтэй  цогц үйлчилгээг үзүүлэх аж.
 
 Г.Уранчимэг
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг