sonin.mn
ВАШИНГТОН. /Anadolu/. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон Бүгд Найрамдах намаас нэр дэвших нь тодорхой болсон Дональд Трампаас дэмжигчдийнхээ тоогоор илүү байгааг хамгийн сүүлд явуулсан санал асуулгууд харуулж байна.
 
“ABC News” телевиз болон “Washington Post” сонины явуулсан санал асуулгын дүнг үзвэл, Клинтон 51:39-ийн харьцаатайгаар тэргүүлжээ. Ардчилсан намаас нэр дэвшигчийг дэмжигчдийн тоо өнгөрсөн сарынхаас 7 хувиар нэмэгдсэн бол Трампыг дэмжигчдийн тоо 7 хувиар буурсан байна.
 
Санал асуулгад оролцогчдын 66 хувь нь “Трампын хэлсэн үг, хийж байгаа мэдэгдлүүд нь эмэгтэйчүүд, үндэстний цөөнхүүд болон лалын шашинтнуудыг ялгаварлан гадуурхсан өнгө аястай байна” гэж буруушаасан байна. Харин 64 хувь нь тэрбумтан бизнесмэнийг тус улсыг удирдаж чадах хүн гэж үзэхгүй байгаа аж.
 
Саяхан түүний хийсэн ялгаварлан гадуурхсан утга агуулгатай мэдэгдлүүд болон намынхан нь санал нэгтэйгээр дэмжихгүй байгаа зэргээс үүдэн Трампыг дэмжигчдийн тоо буурсан нь илт байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг