sonin.mn
АНКАРА. /Xinhua/. Оросын нисэх онгоцыг Туркийн армийнхан буудан унагаасанд маш их харамсч байгаагаа Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган илэрхийлжээ. Тэрбээр харамсч байгаагаа илэрхийлсэн агуулга бүхий захидлыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд илгээсэн тухай Туркийн ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөлөгч мэдэгдлээ.
 
Эрдоганы захидалд “амиа алдсан орос нисгэгчийн ар гэрийнхэний гуниг зовлонг би дахин хуваалцаж, эмгэнэл илэрхийлж байна.  Би тэднээс уучлалт гуйж байна” гэж бичжээ. Хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэхдээ Турк болон ОХУ хоёр талын харилцаагаа сайжруулахын тулд аль болох түргэн шаардлагатай арга хэмжээг авахаар тохиролцжээ.
 
Харилцаагаа сайжруулахын тулд хоёр тал хамтран ажиллах хэрэгтэй гэж Эрдоган саяхан хэлж байсан юм. Зургадугаар сарын 12-нд болсон Оросын үндэсний баярын өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгч В.Путин болон Ерөнхий сайд Дмитрийн Медведев нарт Туркийн Ерөнхийлөгч Эрдоган болон Ерөнхий сайд Бинали Йылдырым нар баярын мэндчилгээ бүхий цахилгаан утас илгээсэн аж.
 
Түүнээс гадна, Оросын Сочи хотноо 7 дугаар сарын 1-нд болох “Хар тэнгисийн эдийн засгийн хамтын ажиллагаа” уулзалтад оролцохыг хүссэн Москвагийн урилгыг Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу хүлээн авчээ.
 
2015 оны 11 дүгээр сарын 24-нд Сиритэй залгаа хилийн ойролцоо нисч явсан Оросын цэргийн нисэх онгоцыг Туркийн тал агаарын хилийг нь зөрчсөн гэж үзэн сөнөөгч онгоцноос пуужингаар харван унагаасан юм. Үүний хариуд Оросын тал Туркийн эсрэг олон тооны хориг арга хэмжээ авсан билээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг