sonin.mn
Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалаар Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн үед иргэдийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор төв, орон нутгийн бүх цагдаагийн байгууллага, алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана гэж ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү мэдээллээ.
 
ЦЕГ-ын даргын тушааснаар  энэ сарын 28-ны өдрийн 09 цагаас 30-ны өдрийн 18 цаг хүртэлх хугацаанд өндөржүүлсэн байдлын нэгдүгээр зэрэглэлд шилжүүлээд байна. Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын дарга ч гэсэн бие бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн бэлэн байдлын  нэгдүгээр зэрэглэлд шилжүүлэн ажиллуулж, хариуцлагатай эргүүл жижүүрийг томилох тухай тушаал гаргаж, алба хаагчдад ажлын үүрэг чиглэл өглөө.
 
Алба хаагчид сонгуулийн тойргуудыг хамгаалалтад авч, сонгуулийн үеэр нийтийн хэв журам зөрчигдөх, эмх замбараагүй байдал бий болохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллана. Холбогдох бүх байгууллага өнөөдрөөс бэлэн байдалд шилжээд байна гэж  Б.Баатархүү  мэдэгдлээ.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг