sonin.mn
УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгууль маргааш болохтой холбоотой СЕХ болон холбогдох бусад байгууллагаас өнөөдөр мэдээлэл хийсэн. Энэ үеэр сэтгүүлчид зарим асуудлыг тодруулав.
 
-Зөөврийн хайрцагаар санал авах ажиллагаа өнөөдөр эхэлсэн. Улсын хэмжээнд хэдий тооны сонгогч зөөврийн хайрцагаар санал өгөх вэ?  
 
СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн: -Зөөврийн хайрцгаар санал авах ажиллагаа өнөөдөр 9 цагаас эхэлсэн. Ямар хүнээс зөөврийн хайрцагаар санал авах вэ гэдгийг хуулинд тодорхой тусгасан. Зөөврийн хайрцагаар санал өгөх иргэд 5 хоногийн өмнө хүсэлтээ хүргүүлсэн байх ёстой.
 
Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд зөөврийн битүүжилсэн хайрцагаар 3978 иргэн саналаа өгөхөөр хүсэлтээ гаргасан байна. Аймгийн Сонгуулийн хороод сумдаас энэ талын тоогоо авч, нэгтгэж байна. Сонгуулийн Ерөнхий хороо нийт тоог нэгтгэхээр ажиллаж байна. Үдээс хойш гэхэд дүн мэдээ гарсан байх болно.
 
–Зарим тойрогт сонгогчид олноор шилжин очсон. Үүнийг зөрчилд тооцох уу?
 
УБСЕГ-ын дарга С.Мэндсайхан: -Тухайн тойргийн 10 гаруй хувьтай тэнцэх сонгогч зарим тойрогт шилжиж очсон байна. Зарим тооцооллоор бол, үндсэн тойргийн сонгогчдын ирц 100 хувьтай байгаагүй тохиолдолд шилжиж очсон иргэдийн санал сонгуулийн дүнд нөлөөлөх магадлалтай. Тиймээс энэ асуудал дээр бүртгэлийн байгууллага гэхээсээ сонгуулийн байгууллага байр сууриа нэгтгэж, шийдэл гаргах нь зүйтэй.
 
СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн: -Иргэн гомдлоо хуулийн дагуу цагдаад гаргаж болно. Цагдаа шалгаад шүүх шийдвэрлэнэ. Санал худалдаж авах зорилгоор шилжүүлэг хийлгэсэн нь тогтоогдвол сонгуулийн байгууллага хариуцлага тооцно.
 
-Сонгуулийн сурталчилгааны хугацаанд нэр дэвшигчдийн самбарыг урсан, мөнгө тараасан гэх мэт мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаж байсан. Энэ асуудлаар нэр дэвшигчдийн штабаас гомдол хэр олон ирсэн бэ?
 
ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах албаны дарга Б.Ганзориг –Цагдаагийн байгууллагад гомдол зөрчлийн шинжтэй нийт 1392 мэдээлэл ирснээс нийслэлд 770, хөдөөд 622 нь бүртгэгдсэн байна. Үүнийг зөрчлөөр нь авч үзвэл сурталчилгааны самбар, зурагт хуудас бусад эд зүйл гэмтээсэн 83, нэр дэвшигчийг олон нийтийн сүлжээгээр гүтгэсэн, нэр төрийг нь гутаасан 209,  бэлэг сэлт тараасан, дайллага хийсэн 125, ухуулга сурталчилгаа хийх үеэр саад учруулсан 78, хууль зөрчин сонгуулийн сурталчилгаа явуулсан 452, бусад 145 зөрчлийг шалгаж байна. 
 
Эдгээрээс эрүү үүсгээгүй. Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан 54, захиргааны арга хэмжээ тооцуулахаар шүүхэд хүргүүлсэн 206, захиргааны арга хэмжээ ноогдуулсан 25, зөрчил болох нь тогтоогдоогүй хариу мэдэгдсэн 230 байна. Нийт ажиллагаандаа 792 мэдээлэл шалгагдаж байна. Эд зүйл, мөнгө тараасан гэх мэдээллийг цагдаагийн байгууллага хуулийн дагуу шалгаж байна.
 
-Сонгуулийн тухай хуулинд санал авахаас 24 цагийн өмнө сурталчилгаа зогсоно гэж заасан. Олон нийтийн сүлжээнд нэр дэвшигчдийн материал одоо хүртэл байсаар байгаа. Энэ асуудлыг хуулинд хэрхэн тусгасан байдаг вэ?
 
СЕХ-ны Мэдээлэл, сурталчилгаа арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа: -Сонгуулийн сурталчилгаа санал авахаас 24 цагийн өмнө өндөрлөсөн. Энэ цагаас хойш сурталчилгааг хориглож байгаа юм. Түүнээс телевиз, радио, сайтуудын архив дахь мэдээллийг ингэнэ, тэгнэ гэсэн заалт байхгүй. Шалгуулна хэрэгтэй гэвэл хуулийн байгууллагад хандаж болно.
 
-Сонгуулийн дүн хэзээгээр нэгтгэгдэж гарах вэ. Явцыг хэдэн цагт тутамд мэдээлэх вэ?
 
СЕХ-ны Ч.Содномцэрэн: -Ирцийн мэдээг 12, 17, 22 цагаас авахаар төлөвлөсөн. Урьдчилсан дүнг СЕХ-ны хурлын танхим дахь дэлгэцээр тойрог тойргоор нь шууд харуулна.
 
Б.Туул
 
Гэрэл зургийг Н.Батбаяр
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг