sonin.mn
Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ) дахь ажиглагчийн байр сууриа хадгалж, тус байгууллагаас хэрэгжүүлж буй аливаа төсөл хөтөлбөрт тогтмол оролцох бодлого баримтлан ажиллана хэмээн Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн өнөөдөр болсон “Мэдээллийн цаг” уулзалтын үеэр онцлов.
 
Энэ онд 15 жилийн ой нь тохиож буй ШХАБ байгуулагын ажиглагчаар Монгол Улс 11 дахь жилдээ ажиллаж байна. Узбекистаны нийслэл Ташкент хотноо энэ сарын 22-24-нд болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ажиглагчаар оролцсон.
 
ШХАБ нь бүс нутгийн яриа хэлэлцээрийн томоохон байгууллага тул Монгол Улс тус байгааллагатай хамтран ажиллах нь туйлын чухал. Гэхдээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Монгол Улс ШХАБ-д гишүүнээр элсэх бус ажиглагчийн байр сууриа хадгалах хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн хэмээн Л.Пүрэвсүрэн сайд хэллээ.
 
Тэрбээр, “Энэ удаагийн уулзалтаар 2025 он хүртэлх хөгжлийн төлвийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг баталсан. Мөн Энэтхэг, Пакистан улсыг ШХАБ-ын гишүүнээр элсүүлэх асуудлыг хэлэлцсэн. Өнгөрсөн онд ОХУ-ын Уфа хотод болсон уулзалтын үеэр Энэтхэг, Пакистан улс гишүүнээр элсэх хүсэлт гаргасан.
 
Уг хүсэлтийг энэ онд хүлээж авах байх гэсэн хүлээлт үүсээд байсан юм. ШХАБ-ын гишүүн болоход нийт 30 гаруй баримт бичигт гарын үсэг зурах ёстой. Одоогоор дээрх хоёр орон эдгээр баримт бичгүүдэд гарын үсэг зураагүй байгаа тул гишүүнээр элсүүлээгүй.
 
Баримт бичгүүдэд энэ онд багтаан гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа бөгөөд ирэх жил гишүүнээр элсэх боломж бүрдэнэ гэдэгт итгэж байгаагаа Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди уулзалтын үеэр дурьдсан.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг