sonin.mn
Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын дарга Т.Батбаяртай дараах асуудлаар ярилцлаа.
 
-АСЕМ-ын уулзалтыг угтан хот тохижилтын ажил ид өрнөж байна. Тохижилтын ажил хэдэн хувьтай байна вэ?
 
- АСЕМ-ын уулзалтыг угтан 110 гаруй гудамжийг тохижуулав. Үүнээс 13 гудамжийг бүрэн тохижуулсан. Мөн зургадугаар сарын 25-нд бүх нийтийн их цэвэрлэгээ хийлээ.
 
-Өмнөх жилийг бодвол улиасны хөвөн багассан харагдана. Энэ тухайд?
 
- Өмнөх жил улиасны хөвөн ихээр унаснаас болж хүмүүсийн харшил их хөдөлсөн. Тийм учраас энэ жил эр улиасны модонд эрт тайралт хийсэн.
 
-Хотын өнгө үзэмжинд цэцэрлэгжилт чухал. Энэ жил хичнээн га талбайд цэцэгжүүлэлт хийв?
 
-Энэ жил 20 мянган метр талбайд цэцэгжүүллээ. Өмнөх жилүүдэд хэт олон цэцэг тарьж зардал их байна хэмээн иргэдээс гомдол ирсний дагуу цэцэгжилт багассан. Тиймээс хүмүүс ихтэй газруудаар цэцэг тарилаа. Бид олон улсын жишгийн дагуу ганц наст цэцэг тарьдаг.
 
- Жил бүр ганц наст цэцэг тарих нь эдийн засагт халтай гэх шүүмжлэл бий. Олон наст цэцэг тарьж болдоггүй юм уу?
 
-Олон наст ургамал тарья гэвэл 8 сар гэхэд хот нүцгэрнэ. Уур амьсгалын хувьд ижил төстэй орны туршлагаас судлан ганц наст цэцгийг сонгосон. Одоо ургуулж буй цэцгүүд эрс тэс нөхцөлд тэсвэртэй.  
 
-Хотын золбин нохдын асуудлыг хэрхэн шийдэж байна. Ямар хэлбэрээр устгалд оруулж байгаа вэ?
 
-Золбин нохдыг шууд буудахаас татгалзаж байна. Өмнө нь үүрээр нохдыг бууддаг байсан. Буудахдаа хашаа хороо руу буудсан, буугаа алдсан, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гээд сөрөг үр дагавар их байв. Тиймээс эл асуудлыг шийдвэрлэхийн тулд тендер зарлаж кампанит ажил явуулсан.
 
Энэ дагуу нохдыг барууны жишгийн дагуу уургалах, торонд хийх зэргээр авч яван саатуулах газарт 2-3 хоног эзэнгүй эсэхийг нь магадлан байлгасны эцэст устгадаг болсон.
 
Энэ жил 38 мянган нохойг тогонд цохиулах замаар устгасан. Нохойны арьсыг Дархан нэхий компанид 5000 төгрөгөөр худалдаж байна. Нохойны арьсыг боловсруулан цэрэг, хүчнийхний хувцсыг хийж байгаа.
 
-Саяхан Хан-Уул дүүргийн 120 орчмын  зарим байшингуудын нүүрэн талыг будаад орхисон талаар иргэд цахим ертөнцөөр шүүмжилсэн?
 
-Дахин төлөвлөлтөд орсон нурах гэж байгаа 8 байр бий. АСЕМ-аас өмнө түр торгоож засварлах ажил бидэнд оногдсон. Зөвхөн нүүрэн талыг нь янзлах төсөвтэй байсан ч бид хоёр хажуу талыг нь зассан. Уг нь энэ СӨХ-ийн ажил шүү дээ. Үүнийг сонгуулийн шоу болгон хүмүүс дуулиан болгосонд харамсаж байна.
 
-Хот тохижилтын ажилчид, гол ажлыг нугалдаг хүмүүс. Тэдний  цалин хөлс нэмэгдсэн үү. Нийслэлийг хичнээн хүн хог шорооноос салгаж байна вэ?
 
-Нийслэлийн хэмжээнд 755 тохижилт үйлчилгээний ажилчин ажиллаж байна. Бидний бахархал бол шар хантаазтай эгэл ажилчид юм. Манай ажилчдын дундаж цалин 650 мянган төгрөгт хүрсэн. Ажлын хүнд нөхцөл, илүү цагаа бодвол нэг сая төгрөг авах ч хүн бий. Мөн ажилчдаа Хонгконгийн туршлага судлуулж эхлээд багагүй хугацааг үдлээ. Японы “Жайка” олон улсын байгууллагатай хамтран нийт 240 цэцэрлэгчийг 3 жил дараалан гадны сургалтад хамруулсан.
 
-Та бүхний ажил  нүдэн дээр харагддаг. Цэвэр цэмцгэр тохьтой орчныг бүрдүүлдэгт олон хүн талархдаг?
 
-Нийслэлчүүд тэр бүр анзаардаггүй. Гадны хүмүүс Улаанбаатар хотыг цэвэрхэн. Бид танай улсаас суралцах зүйл их байна гэдэг.
 
 Г.Уранчимэг
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг