sonin.mn
Гадаад оронд оршин суугаа Монгол Улсын иргэд боловсролын баримт бичгийн лавлагаагаа энэ оны долдугаар сарын 15-наас цахим хэлбэрээр авдаг болно.
 
2015-2016 оны хичээлийн жилд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд хандаж Монгол Улсаас гадаадад суугаа Элчин сайдын яамд, гадаадын их дээд сургуульд суралцагч манай иргэдээс 7148 хүний боловсролын баримт бичгийн лавлагаа авахыг хүсч өргөдөл ирүүлсэн бөгөөд холбогдох лавлагааг гаргаж өгчээ.
 
Гэхдээ лавлагаа авахад зарим хүндрэл гардаг байна. Тухайлбал, БНСУ-д амьдарч байгаа иргэн ийм лавлагаа авахаар ирэхэд виз болоод цаг хугацаа, зардлын асуудал хүндрэлтэй. Мөн АНУ, Япон, Канад, Хятад, ОХУ, Герман, Австрали, Итали улсад суралцах хүсэлтэй монгол иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна.
 
Иймд Гадаад хэргийн яамны Консулын хэлтэс, Монгол Улсад суугаа гадаадын Элчин сайдын яамд, Төрийн албаны зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар, Боловсролын үнэлгээний төв, Сургалтын төрийн сан зэрэг байгууллагад лавлагааг цахимаар олгох шаардлага үүсээд байгаа юм.
 
Боловсролын баримт бичгийн лавлагааг цахим хэлбэрээр олгосноор төрийн үйлчилгээ хурдан шуурхай, хүнд сурталгүй болж манай улсын энэ чиглэлийн үйл ажиллагаа олон улсын хэмжээний шаардлага хангаж, иргэдийн өрсөлдөх чадвар нэмэгдэн, улмаар төрийн албан хаагчдын ажлын бүтээмж өсөх болно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.