sonin.mn
ОХУ манай улсад нэвтрээд буй Гааль, татварын албаны цахим технологийн хөгжүүлэлтийн талаар туршлага солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. 
 
Узбекистаны нийслэл Ташкент хотноо энэ сарын 22-24-нд болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцсон Монгол Улсын Гааль, татварын ерөнхий газрын дарга С.Пүрэв ОХУ-ын Холбооны гаалийн албаны дарга А.Ю.Бельяниновтой уулзаж Гааль, татварын цахим бүртгэлийн талаар мэдээлэл өгч санал солилцсон аж.
 
Уулзалтаар ОХУ-ын Холбооны гаалийн албаны дарга А.Ю.Бельянинов Монгол Улсын Гааль, татварын албаны цахим технологийн хөгжүүлэлтийн талаар дэлгэрэнгүй ярилцаж, ирэх 10 сард Монгол Улсын Гааль, татварын албаны даргыг Гааль, татварын мэдээллийн технологийн төвийн бүрэлдэхүүний хамт Москва хотноо хүрэлцэн ирж туршлага солилцохыг урьсан байна. 
 
Учир нь ОХУ 2018 оны долдугаар сарын 1-нээр цахим кассын одоогийн хувилбарыг бүрэн шинэчилсэн байхаар төлөвлөж Төрийн Дум нь цахим кассын хяналтын төхөөрөмжид шилжих үе шатны тухай хуулийг баталсан байна.
 
Одоо шинээр бүртгэгдэж байгаа кассын хяналтын төхөөрөмжийг 2017 оны 2 дугаар сарын 1-нээс эхлэн ашиглахаар, одоо хэрэглэгдэж байгаа кассын хяналтын төхөөрөмжийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөр шинэчилсэн байхаар төлөвлөсөн ба шинээр нэвтрүүлэх кассын хяналтын төхөөрөмжийг заавал авч хэрэглэхгүй байхаар зөвшөөрөгдөж байгаа ААН-үүд нь мөн адил 2018 оны 7 дугаар сарын 1-ний байдлаар шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байх юм байна.
 
Монгол Улсын хувьд НӨАТ-ын тухай хуулийг 2015 онд УИХ-аар баталж, энэ оны нэгдүгээр сараас цахим касс, бүртгэлийн системийг ашиглаж эхлээд байгаа юм. Энэхүү шинэ систем амжилттай өрнөж, өнөөдрийн байдлаар 700 мянган айл өрхийн 2 сая гаруй иргэн идэвхитэй дэмжин, 51 мянган аж ахуй нэгж “Ebarimt” системд 100 хувь нэгдэн ажиллаж байна. 
 
Н.Гантуяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг