sonin.mn
УИХ болон Орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг сонгох сонгууль болж байна. 72 дугаар тойргийн 13 дугаар санал авах байранд 7.00 цагт санал хураалт эхэлсэн бөгөөд нийт 2237 сонгогч санал өгөхөөс 11 цагийн байдлаар 250 хүн буюу 12.43 хувь нь санал өгөөд байна.
 
 "Ямар нэгэн зөрчил гараагүй зарим сонгогч 2 нэр дугуйлах алдаа гаргасан" хэмээн 13 дугаар хэсгийн ахлах зохион байгуулагч Г.Ганчимэг хэллээ.
 
АН-ын ажиглагч Т.Өмэрбэк: Одоогоор 5 хүний саналын хуудас хүчингүй болоод байна. Хоёр нэр дэвшигчийг дугуйлснаас болж саналын хуудас хүчингүй болсон. Одоогоор  янз бүрийн асуудал гараагүй байна.
 
МАН-ын ажиглагч Д.Буджав: Одоогийн байдлаар онц зөрчил гараагүй байна. 13 дугаар хэсгийн хорооныхон маш идэвхтэй саналаа өгч байна. 11.05 цагийн байдлаар 250 хүн санал өгөөд байна.
 
Бие даагчийн ажиглагч Ё.Чинцогт: 13 дугаар хэсгийн хорооны сонгуулийн ирц сайн байна. Ноцтой зүйл алга. Санал өгсөн хүмүүсийн насны хувьд ахмад, дунд, залуу үеийнхэн саналаа өгч байна.
 
МАХН-ын ажиглагч Б.Очирбат: Сонгуулийн өнгө налгар эхэллээ. Харьцангуй тайван сонгууль болж байна. Улс орноо төлөөлөх хүмүүсээ сонгоход залуу үеийнхэн идэвхтэй оролцож байгаа нь сайхан санагдлаа.
 
72 дугаар тойргийн 13 дугаар хэсэгт сонгуулийн өмнөх өдөр санал авах байранд ирж саналаа өгч чадахгүй, өндөр настай, хүнд өвчтэй нийт 14 хүнээс саналыг нь урьдчилан авчээ.  
 
Б.Заяа
Эх сурвалж "Монцамэ" агентлаг