sonin.mn
Монгол Улсын Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхээ эдэлж 2016 оны УИХ, нийслэл, аймгийн  Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөллөө сонгох сонгуульд иргэд идэвхтэй оролцож, саналаа өгч байна.
 
Өглөө эртлэн саналаа өгөх гэсэн зарим иргэд сонгуулийн санал авах байр цагтаа нээж, үйл ажиллагаагаа эхэлсэнгүй гэх үг цухуйлгав. Хувийн дэлгүүр, үйлчилгээний цэг ажиллуулдаг иргэд эртлэн саналаа өгөх гэснээс дээрх бухимдал үүссэнийг хуалдааны цэгт үйлчилгээ эрхэлдэг гэр бүлийн хос ярилаа.
 
Учир нь, өглөөний 07-08 цагийн хооронд сонгуулийн санал авах зарим байр хүнгүй шахам байв. Харин 11-12 цагийн үесээр иргэдийн цуваа үүсч, санал авах байр хөл хөдөлгөөнтэй байлаа.  Нийслэлийн Баянзүрх дүүргийн УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 49 дүгээр тойргийн 6 дугаар хэсэг буюу 33 дугаар сургуулийн байран дахь санал хураах ажиллагаа хэвийн, идэвх сайтай байна.
 
Тус байранд санал өгөхөөр ирэгсэд олноороо дугаарлажээ. Энэ нь иргэдийн идэвхитэй байгаагийн жишээ.  Намууд болон бие даагчдын ажиглагчид бүрэн сууцгааж, сонгуулийн санал авах хэсгийн ажилтнууд ч иргэдэд шуурхай, соёлтой үйлчилж байна. Гадаадад саяхан яваад ирсэн зарим иргэдийг  хорооны бүртгэлээс "Түр хасав" гэсэн тэмдэглэгээ гарч ирж байвч, газар дээр нь түүнийг нь залруулан бүртгэлийг сэргээж байна.
 
Мөн зарим нэг хүн иргэн үнэмлэхээ олохгүй ирлээ гэхэд хурууных нь хээгээр нотолгоо гарган санал авах хуудас олгож байлаа. Мөн зарим нэг хүн саналынхаа хуудсыг андуурч, алдаж буруу бөглөхөд хар хайрцаг хүлээж авахгүй буцааж байгаа нь ч үзэгдэв. Түүнийг тухайн бүр нь засч, залруулж байгаа нь сонгуулийн хэсгүүдийн ажиллах бэлтгэлийг урьдчилан сайтар хангасных.  
 
Мөн энэ удаагийн сонгуульд иргэд идэвхтэй оролцож байна. Зарим иргэдээс энэ талаар лавлан асуухад " Бид өөрсдийнхөө төлөө идэвх гаргахгүй бол болохгүй ээ. Хувийн хэвшилд ажиллаж байгаа хүний хувьд бол бүр ч шийдвэртэй оролцох болоод байна. Эдийн засгийн хямралыг давахын тулд зөв сонголтоо хийх цаг тулаад байна" гэсэн хариу өгч байна.
 
Иргэд ийнхүү өөрийнхөө төлөө идэвх гарган саналаа өгөхөөр шийдсэн гэдэг нь дээрх ганцхан хэсгийн орчноос мэдрэгдлээ.
 
Ж.Батсайхан 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг