sonin.mn
УИХ-ын сонгуулийн 31-р тойргийн 1-р хэсэг, Увс аймгийн ИТХ-ын сонгуулийн 18-р тойрогт 3190 сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлжээ. Тус хэсгийн хороонд өчигдөр зөөврийн хайрцгаар 23 сонгогч саналаа өгсөн байна. Энэ өглөөний орон нутгийн 10 цаг 30 минутын байдлаар тус хэсэгт 680 гаруй сонгогч саналаа өгөөд байлаа.
 
Энэ хэсэгт 731 сонгогч шилжиж ирсэн тул хэсгийн хорооны гишүүд ачаалал ихтэй ажиллаж байна. Мөн Хилийн цэргийн 0245-р ангийн 50 гаруй цэрэг өглөө ирж саналаа өгсөн бөгөөд цэргүүд өнөөдөр гурван ээлжээр ирж саналаа өгөх аж.
 
“Одоогоор манай хэсэг дээр ямар нэгэн зөрчил доголдол гараагүй байна. Нийт сонгогчдын 90 хувьд нь хүрэлцэхүйц саналын хуудас хэвлэгдэж ирсэн. Санал тоолох төхөөрөмжид ямар нэгэн эвдрэл саатал гараагүй, хэвийн ажиллаж байна.
 
Энэ өглөөний байдлаар 10 гаруй хүн буруу тэмдэглэгээ хийж саналын хуудас дахин шинээр авсан. Манай хэсгээс 16 сонгогч шилжин явсан байгаа” хэмээн тус хэсгийн хорооны дарга Б.Буянтогтох манайд мэдээллээ.
 
Шилжин ирсэн сонгогчид их байгаа нь санал авах ажиллагаанд хүндрэл учруулж, дараалал үүсгээд байна хэмээн тус хэсэгт саналаа өгч буй сонгогчид хэлж байв.
 
Тус хэсгийн хороо нь Улаангом сумын Спорт хороон дээр байрлаж байгаа бөгөөд өглөө 10 цаг 30 минутын үед очиход дотор гаднагүй битүү дараалалтай, бас бороо орж байсан хэдий ч сонгогчид гэр лүүгээ буцахгүйгээр саналаа өгөхөөр хүлээж байв.
 
Увс аймаг Б.Батхүү
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг