sonin.mn
МАХН-аас Үндэсний мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус намын дарга Н.Энхбаяр тэргүүтэй намын  гишүүд сонгуулийн явцад багагүй зөрчил гарч буйг хэвлэлийн бага хурлаар онцоллоо.
 
МАХН-ын гишүүд ярихдаа, “Сонгуультай холбоотой булхай луйврыг иргэдэд мэдээллэх ёстой. Энэ үүднээс бид мэдээлэл хийж байна. Баянзүрх дүүрэгт  санал хураалт явагдаж буй энэ үед МАН-ынхан машиндаа саналын хуудас иргэдэд тарааж байна гэсэн мэдээлэл бидэнд ирсэн.
 
Түүнчлэн УИХ-ын 47 дугаар тойрог буюу Эрдэнэт аймгийн “Дэнж” зочид буудалд 20 мянган төгрөг тарааж байгаад баригдсныг Цагдаагийн байгууллагад мэдэгдээд байна. Мөн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд 200 машин гудамж болгонд зогсож нэг хүний саналыг 20 мянган төгрөгөөр худалдан авах, архи тараах явдал  гарч байна.
 
Энэ бүхнийг  хууль хяналтынханд мэдэгдсэн ч ач холбогдол өгөхгүй байгаагаас үзвэл нэг талыг барьсан сонгууль болохыг гэрчилж байна. Бохир төр оршин тогтнож буйг энэ удаагийн сонгууль харуулж буй юм” гэлээ.
 
МАХН-ын дарга Н.Энхбаяр ярихдаа,  “Гурван асуудлыг олон нийтэд анхааруулмаар байна. Нэгдүгээрт сонгуулийн эргэн тойрон дахь зөрчил хэрээс хэтэрлээ. Ч.Сайханбилэг тойрогтоо  мөнгө тараалаа гэсэн мэдээлэл сошиал ертөнцөөр  гарч байна. Манай гишүүдийн  мэдээлсэн зөрчлөөс гадна мэдэгдээгүй, баригдаагүй олон үйлдэл бий.
 
Тиймээс ард иргэддээ анхааруулахад  “Таныг элдэв зүйлээр урвуулж байгаа хүн цаанаа ядуу, зүдүү байгаасай гэж хүсч байгаагийн илэрхийлэл. Тиймээс үүнд хууртахгүй зөв сонголт хийх нь чухал.  Түүнчлэн Чоно борооноор гэгчээр  сонгуулийг далимдуулан Эрдэнэтийн Оросын талын 49 хувийн хувьцааг  хувийн компанид шилжүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргалаа.
 
Тиймээс МАХН ард түмний өмчийг  хувийн компанид шилжүүлэхийг эрс эсэргүүцэж байна. Монгол Улсыг тэжээж буй хамгийн чухал стратегийн ач холбогдолтой ордын асуудлыг ард түмнээсээ асуулгүйгээр, УИХ-аар хэлэлцүүлэлгүйгээр шийдэж болохгүй. Засгийн газар хоорондын гэрээгээр Оросын тал өөрийнхөө хувийг зарах гэж байгаа бол гэрээгээр Монголын Засгийн газарт  албан ёсоор мэдэгдэх ёстой.
 
Үүний дараа Засгийн газар ард түмэндээ мэдэгдэж, УИХ-аар ил тод хэлэлцэх ёстой. Монголын ард түмний бахархал, Үндэсний аюулгүй байдлын нэгээхэн хэсэг болох тус ордын асуудлыг  З.Энхболд дарга  цаг алдалгүй УИХ-ын  ээлжит бус чуулганыг хуралдуулах шийдвэр гаргаж хэлэлцүүлэхийг шаардаж байна.
 
Бидэнд ирсэн мэдээллээр эл ордын  47 орчим хувийг гадны компаниуд авч байгаа сурагтай. Гуравдугаарт  СЕХ саналын хуудсыг будилж бөглөх хүснэгтийг хэвлэн гаргажээ. Хаана нь будах вэ гэдэгт олон хүн эргэлзэхээр байна.
 
Үүнийг ард түмэнд СЕХ зөв тайлбарлаж өгөх ёстой ч ажлаа тэд хийхгүй байгаа учраас бид үүнийг иргэддээ хэлж байна. Тиймээс  иргэд маш нухацтай харж бөглөх ёстой. Эцэст нь хэлэхэд шударга сонгууль болж байж шударга төр бий болно. Шударга сонгууль явуулахад хэвлэл мэдээллийнхэн чухал үүрэгтэй” хэмээн онцлов.   
 
Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг