sonin.mn
Баянхонгор аймгийн хэмжээнд сонгуулийн насны 55899 иргэн байдгаас УИХ-ын болон аймгийн ИТХ-ын 2016 оны сонгуульд санал өгөх нэрийн жагсаалтад 55645 иргэн бүртгэгджээ. Тэгвэл 12:00 цагийн байдлаар тус аймагт 17551 сонгогч саналаа өгч, сонгуулийн ирц 31.5 хувьтай байна.
 
Сонгуулийн ирц хамгийн өндөртэй нь Баацагаан сум 49 хувь, Богд 44.7 хувийн ирцтэй байгаа бол иргэдийн идэвх сул байгаа нь Эрдэнэцогт, Галуут, Гурванбулаг сумд бөгөөд 20 орчим хувийн ирцтэй байгаа аж. Харин саналаа өгсөн иргэдийн дийлэнх нь эмэгтэйчүүд байгаа бол 26-40 насныхан саналаа идэвхтэй өгч байгааг албаныхан мэдээллээ.
 
Аймгийн хэмжээнд УИХ-ын сонгуулийн 7, 8, 9 дүгээр тойрогт нийт 12 нэр дэвшигч, аймгийн ИТХ-ын сонгуульд 4 намын 110 нэр дэвшигч өрсөлдөж байна. Энэ удаагийн сонгуульд аймгийн ИТХ-д бие даан нэр дэвшигч бүртгэгдээгүй байна.
 
Сонирхуулахад, Статистик мэдээгээр хамгийн олон сонгогчтой нь 9 дүгээр тойрог бөгөөд нийт иргэдийн 40 шахам хувь нь тус тойрог саналаа өгөх юм. Баянхонгор аймгийн хэмжээнд Сонгуулийн санал авах  104 байранд, 109 санал тоолох төхөөрөмжөөр санал хурааж байна.
 
Б.Мөнхзул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг